“Дархан-Уул аймгийн иргэдийн сонгох эрх зөрчигдөж байна” хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчид ханджээ. АН-ын Дархан-Уул аймгийн хороо УИХ-ын 2020 оны сонгуулийн хандивын тайланг тус аймаг дахь төрийн аудитын байгууллага баталгаажуулаагүй тул Сонгуулийн хороо нь тус намыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй, нэр дэвшигчдэд нь үнэмлэх олгоогүй аж. Иймд Дархан-Уул аймгийн АН-ынхан Төрийн тэргүүнд гомдол мэдүүлснийг парламент дахь намын бүлгийнхэн нь уламжилсан нь энэ. Тэд Сонгуулийн ерөнхий хороонд ч шаардлага хүргүүлжээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэхдээ “Орон нутгийн сонгуулийн санал хураалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Гэтэл Дархан-Уул аймагт хэлбэр төдий сонгууль болох нь. Энэ бүхнийг урьдаас төлөвлөж, зохион байгуулсан. Эрх баригч нам өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцох гэж байна” гэлээ.