УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 13 нам, дөрвөн эвслээс 485 хүн нэр дэвшсэн. Тэдгээрээс 11 нам, дөрвөн эвсэл сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн юм. Үндэсний аудитын газрынхан тэдний тайланд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа өчигдөр байршуулжээ. Монгол Улсын ерөнхий аудиторын А/23 дугаар тушаалаар УИХ-ын сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоосон юм.
Сонгуульд оролцсон нам, эвсэлд хуулийн долоон этгээд 98.7 сая төгрөг, 1744 иргэн 5.8 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна. Харин тэд үйл ажиллагаандаа 9.5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан бөгөөд үүний 9.4 орчмыг нь сонгуульд “өгчээ”. Намууд радио, телевизийн сурталчилгаанд 5.7, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд 1.4 тэрбум, материал хэвлүүлэхэд 996, далбаагаа гудамж, талбайд байршуулахад 63, цахим орчинд 171, сонгогчидтой хийсэн уулзалт, хуралд 211, өдөр тутмын сонин, сэтгүүлд нийтлэл хэвлүүлэхэд 475 сая төгрөг зарцуулсан байна.
Иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон эх үүсвэрийн талаарх мэдээллийг хандив өгөхдөө бичих ёстой. Тэгвэл энэ талаараа дурдаагүй 123 иргэн, хуулийн этгээд 101.1 сая төгрөг хандивласан аж. Үүний 97.8 сая төгрөгийг нь буцаан шилжүүлж, 200 мянган төгрөгийг улсын орлогод төвлөрүүлсэн байна. Харин хандивлагчийн мэдээлэл дутуу байхад 3.1 сая төгрөг зарцуулсан нь хууль бус гэж аудитаар дүгнэжээ. Мөн зарим нам, эвсэл үйл ажиллагааныхаа дансаар нэр дэвшигчийн хандив болон өөрийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулсан, нэр дэвшигчдийн зардлын дансанд хуримтлуулсан орлогоос намын дансанд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсвэл салбарын эрхлэгч намуудын дансны хуулгыг хугацаандаа бүрэн ирүүлжээ. Аудитаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар нэр дэвшигч, иргэдэд тасралтгүй мэдээлэл хүргэх, нам, эвслүүд зардлын тайлангаа хэрхэн гаргах, баталгаажуулахад нь анхаарч ажиллах зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, эвсэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн дагуу арга хэмжээ авахыг Сангийн яаманд чиглэл болгожээ.
Бэлтгэсэн: Б.Нандин