2021 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв. Тэрбээр “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 17, ажилгүйдлийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийхийг нийт тав орчим хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Ирэх онд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг авъя гэж төсөвт тусгасан байгаа” гэв. Үлдсэн гурвынх нь сан үлдэгдэлтэй байгаа учир иргэдээс шимтгэл авахгүй гэж үзсэн аж. Эдийн засаг агшиж буй энэ үед төсвийн зардлыг танах нь улам эрсдэл дагуулах тул хөрөнгө оруулалтын зардлаа хасаагүйг онцлов. Мөн Боловсролын зээлийн сангаас шилдэг 10 сургуулийн оюутнуудад зээл олгох тухай дээрх төсөлд тусгажээ. Энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд “Боловсролын салбарт бид зайлшгүй реформ хийх шаардлагатай. Монгол Улс хүн ам цөөтэй мөртлөө 100 шахам их, дээд сургуультай. Төгсөгчид нь ур чадвартай юу гэвэл эргэлзээтэй. Тус сангаас зээл авсан хүүхдүүд төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байж л төлбөрөө төлнө. Ажиллахгүй бол зээлээ төлж чадахгүй. Тиймээс төрийн өмчийн, хувийн ч бай топ 10 сургуулийн оюутнуудад л зээл олгоно” гэсэн юм. Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэх орлого энэ оны эхний хагаст 60 хувиар тасарсан бол одоо 30 болж буурсныг Сангийн сайд энэ үеэр онцоллоо.