Парламентын үйл ажиллагааг цахимжуулах ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэхдээ ашиглах болон иргэдээс санал авах боломжтой хоёр систем нэвтрүүлсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, lawforum.parliament.mn цахим хуудсыг нээсэн бөгөөд боловсруулж байгаа хуулийн төсөлтэй иргэд танилцаж, зүйл тус бүрт нь саналаа өгөх боломжтой аж. Харин lawmaker.parliament.mn хуудсыг зөвхөн хууль санаачлагчид ашиглах гэнэ. Өмнө нь хуулийн төслийг цаасан хэлбэрээр, янз бүрийн загвартай бэлтгэж, мөн ирүүлсэн саналуудыг хавсралтад нэгбүрчлэн бичих зэрэгт хугацаа их зарцуулж, хүндрэл учирдаг байсан бол дээрх системийг нэвтрүүлснээр үүнийг хялбарчилжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Цахим шилжилт хийхэд анхаарч, Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Тус хорооныхон идэвхтэй ажиллаж, шинэ системүүдийг нэвтрүүлэн, өдөр тутмын цаасны хэрэглээг багасгалаа. УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрхтэй. Дээрх нэгдсэн системийг ашигласнаар хуулийн хийдэл, зөрчил, давхардал арилах ач холбогдолтой. Тиймээс lawmaker.parliament.mn системийг УИХ-ын гишүүд, тэдний ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, яамд ашиглан, хуулийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчид өөрийн компьютерт төслөө боловсруулж, хадгалж ирсэн. Өөрөөр хэлбэл, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, төслүүдийг ижил форматтай болгох, боловсруулах явцыг нь бүртгэж, хадгалах боломжгүй байсан” хэмээв. Удахгүй E Mongolia системд “хуулийн төсөлд санал өгөх” гэсэн цэс нээж, дээрх цахим хуудастай холбох гэнэ.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Хууль, тогтоомжийн тухай хуульд өнгөрсөн тавдугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд аливаа төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө заавал олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг хавсралтад нь бичихээр болсон билээ. Өнгөрсөн хугацаанд парламентын албан ёсны цахим хуудсаар хуулийн төсөлд санал авч ирсэн ч үр дүнтэй байгаагүй. Харин одоо энэ хуудасны тусламжтайгаар хуулийн төслийн зүйл заалт бүрт нь санал авч, тэдгээрийг автоматаар бүртгэн, хавсралтад нь тусгадаг боллоо” гэв.
Иргэн хуулийн төсөлд санал өгөхдөө судлаач, төрийн байгууллагын ажилтан, холбоодын гишүүн гэх зэргээр өөрийгөө аль салбарын төлөөлөл гэдгээ тэмдэглэх гэнэ. Ингэснээр судлаач, салбарын төлөөллүүд ямар байр суурьтай, хууль, эрх зүйн орчноо хэрхэн бүрдүүлэх хүсэлтэй байгааг нь тодорхойлж, саналыг нь авах боломжтой болж буй юм. Түүнчлэн хууль санаачлагч төслөө байршуулсны дараа саналыг нь сонсох зорилготойгоор холбогдох мэргэжилтэн, судлаачдад урилга илгээж байхаар системийг зохион бүтээжээ. Нөгөөтээгүүр, хэрэв иргэд шүүх, эсвэл нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслийг сонирхож байгаагаа тэмдэглэвэл түүнийг нь боловсруулах, хэлэлцэх үеэр мэдэгдэл ирэх аж. Цаашид УИХ-ын байнгын хороодоос зохион байгуулах төрөл бүрийн хэлэлцүүлэгт оролцогчдод QR кодоор материалаа түгээх гэнэ.