Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд 27 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэднийг бүртгэсэн тогтоолыг нийслэлийн Сонгуулийн хороо гаргасан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг тогтоолыг түдгэлзүүлсэн юм. Тус намынхан эсэргүүцлээ илэрхийлж, иргэдээс гарын үсэг цуглуулан, удаа дараа мэдэгдэл хийсний эцэст шүүгч нь захирамжаа уржигдар цуцалжээ. Ингэснээр дээрх тогтоол хүчин төгөлдөр болж буй бөгөөд ХҮН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь өчигдөр орой гардууллаа. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх 13-нд дуусна.
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд энэ үеэр “Бид өөрсдийн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч бидний гомдлыг хүлээж аваагүй. Ингээд саналын хуудсанд ХҮН-ын нэр дэвшигчдийн нэрийг бичүүлэх боломжгүй болсноо СЕХ болон тус намынханд мэдэгдсэн. Харин энэ сарын 5-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, А.Насандэлгэр шүүгчийн захирамжийг цуцалсан. Ингэснээр тус намынхныг бүртгэсэн тогтоол хүчинтэй болж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа” гэв.
Бэлтгэсэн: Б.Нандин