УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
С.Чинзориг нь ХНХ-ын сайдын, Д.Сарангэрэл нь Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тиймээс С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг ЭМДҮЗ-ийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.
Иймд Байнгын хороо хуралдаж ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэнэ.