Төрийн байгууллагуудад цахим шилжилт хийхээр Засгийн газраас “E Mongolia” төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд төрийн 131 үйлчилгээг E Mongo¬lia системд нэгтгэснийг өнгөрсөн сард зарласан бол 181 болгон нэмэгдүүлжээ. Энэ талаар ЗГХЭГ болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-аас өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Сайт болон гар утасны аппликэйшнээр дамжуулан уг системээс үйлчилгээ авах бөгөөд Сангийн яамны еbarimt. mn, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны еhalamj.mn зэрэг сайтаас гадна үүрэн холбооны операторуудыг үүнтэй холбосон байна. Тодруулбал, E Mongolia системээс үйлчилгээ авахад 2020 он дуустал дата шаардахгүй болжээ.
Төрийн байгууллагуудын үйлчилгээг цахимжуулснаар бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилд багадаа 10 тэрбум төгрөг хэмнэх боломжтой аж. Мөн иргэд бичиг цаас, унааны төлбөр, цээж зураг авхуулах зэрэгт зарцуулах 3.7 тэрбум төгрөг хэмнэх ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Цахим шилжилтийн эхлэл болсон E Mongolia системээр үйлчлүүлснээр улсын төсөв, хувь хүний санхүү, бидний цаг хугацааг хэмнэх учиртай. Өмнө нь төрийн байгууллагуудыг зорьж, олон цаг зарцуулдаг байсан бол одоо таван минутын дотор 181 үйлчилгээ авах боломж бүрдлээ. Цахим шилжилттэй холбоотойгоор Өгөгдөл хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Төрийн цахим хэрэглээний тухай хуулийн төсөл боловсруулж, энэ сард багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Олон улсын туршлагаас харахад цахим шилжилтийг бүрэн хийхэд 5-7 жил шаардлагатай. E Mongolia системд цаашид 492 үйлчилгээг нэг жилийн хугацаанд нэвтрүүлэх тул ашиглахад хүндрэл учирвал Засгийн газрын олон нийттэй харилцах төвд санал, шүүмжлэлээ ирүүлээрэй. Цахим шилжилт хийснээр авлига үүрлэсэн төрийн албаны хүнд суртлыг арилгах боломжтой” гэсэн юм. ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “Аравдугаар сарын 1-ний байдлаар давхардсан тоогоор 4322 иргэн E Mongolia системд хандан үйлчлүүлжээ. Иргэний үнэмлэхийн, авто тээврийн бүртгэлийн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ял шийтгэл эдэлж байсан, эсэх тухай лавлагааг иргэд хамгийн их авсан байна” гэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 26, Авто тээврийн үндэсний төвийн зургаа, Татварын ерөнхий газрын 49, Цагдаагийн ерөнхий газрын ес, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тав, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дөрөв, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын 11 үйлчилгээг e-mongolia.mn сайтаас үзүүлэх нь. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны гурав, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын хоёр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дөрөв, нийслэлийн ЗДТГ-ын Захирагчийн ажлын албаны 36, Нийслэлийн архивын газрын 26 болон Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газрын тус бүр нэг үйлчилгээг уг сайтаас авах боломжтой.