Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд эсэргүүцэл илэрхийлэн Сүхбаатрын талбай дээр жагслаа.
Энэ үеэр ХҮН-ын Бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр хэлэхдээ "Монгол Улсын шүүх хэний дохиогоор ажиллаж байгаа, яаж улс төржсөнөө харуулж байна. Захиргааны хэргийн шүүгч захирамж гаргаад бүхэл бүтэн улс төрийн хүчнийг сонгуульд оруулахгүй болж, сонгогч, сонгогдогчдийн эрхийг зөрчлөө. Ийм хар өдөр өнөөдөр эхэлж байгаад туйлын их харамсаж байна.
Ардчилсан нам өөрийнхөө ардчиллын үнэт зарчмыг уландаа гишгэж байна. Монгол Улсын шүүх, төрийн эрх мэдэлтнүүдийн дохиогоор ажилладаг байж болохгүй. Энэ гаргасан захирамжийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид сонгогчдынхоо эрхийг хүндэтгэж, орон нутгийн сонгуульд оролцох эрхээ заавал авахын төлөө тэмцэнэ. Цаашлаад суулт зарлана. Мөн хурц тэмцлийн хэлбэр рүү ороход ч бэлэн байна" гэсэн юм.