Орхон аймгийн Онцгой байдлын газраас Баян-Өндөр суманд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулжээ. Тус сургуулилт “Яаралтай цуглар” дохиогоор алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн бэлэн байдлыг шалгаснаар эхэлж, цагийн байдлын дагуу штабын дадлагаар үргэлжлэн явагдсан байна.
Мөн гал түймрийг унтраах, нэрвэгдэгсдийг аврах, анхан шатны тусламж үзүүлэх, эрлийн ажиллагааг зохион байгуулах зэргээр аврах ажиллагааны дадлага сургуулийг хийжээ.
Түүнчлэн тус сургалт дадлагад сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бүрэлдэхүүн зэрэг 127 алба хаагч, 12 техник, 60 гаруй багаж хэрэгсэлтэйгээр оролцож, бэлтгэл бэлэн байдлаа хангалаа гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.