Палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь нээгээгүй, шинэ зүйлийн үлэг гүрвэлийн олдворыг судлаачид 2015 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас олжээ. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн түүхийн музейн хамтарсан экспедицийнхний илрүүлсэн эл олдворыг тус хүрээлэнгийн судлаач, доктор З.Бадамхатан, Ц.Чинзориг нар гадаадын судлаачидтай хамтран таван жилийн турш судалсны дүнд protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болохыг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнг олон улсын “Nature-communications biology” сэтгүүл энэ сарын 10-ны дугаартаа нийтэлсэн аж. Судлаач З.Бадамхатан уг олдворын талаар “Цогт-Овоогоос илрүүлсэн үлэг гүрвэлийн толгойг бид таван жилийн хугацаанд шинжилж, хэмжин, судалгааны бусад материалтай харьцуулж, тооцсоны дүнд шинэ зүйл болохыг баталлаа. Энэ зүйлд beg tse гэдэг нэршил оноосон. Учир нь, үлэг гүрвэлийн олдворын хацрын ясны анатоми шинж нь эртний буддын дайны бурхан болох begtse буюу бэгзийн хуягтай ижилхэн харагддаг. Тиймээс ийн нэрлээд буй. Be tse одоогоос 113-94 сая жилийн өмнө буюу цэрдвийн галавт Төв Ази орчимд амьдарч байсан.
80 см орчим урттай, ургамлаар хооллодог. Энэ нь Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг газраас түгээмэл олдсон protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг” хэмээв.
Ташрамд дурдахад, тус хүрээлэнгийн судлаач Э.Зориг, Байгалийн түүхийн музейн судлаач, доктор Я.Ариунчимэг нар Английн Империал коллежийн судлаачидтай хамтран бас эртний загасны нэг шинэ зүйлийн олдвор Увс аймгийн Түргэний тусгай хамгаалалттай газраас илрүүлсэн гэнэ. 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан уг загасны олдворыг Монголын шилдэг геологич нарын нэг Ч.Минжин агсан болон илрүүлсэн газрынх нь нэрээс улбаалан minjinia turgen¬ensis хэмээн нэрийджээ. Энэ судалгааны дүнг өнгөрсөн долоо хоногт олон улсын “Na¬ture-ecology evolution” сэтгүүлд нийтлүүлсэн байна.
Бэлтгэсэн: О.Алуунгуа