Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Өвөрбаясгалант Хамарын хийдээс Шамбалын оронд мөр гаргах ёслол өчигдөр болжээ. Тус ёслолд сүсэгтэн олон "Ганжуур" хөлгөн судрыг барин Шамбалын орон өөд горооны замаар зорчдог бөгөөд тус оронд лам нар Дүйжид ням буюу цагийн хүрдний үндэс номыг уншсан бол их соёмбод өвгөн суваргад Ханд цэжү хурал хурдаг байна.
Харин түүний дараа Хамарын хийдийн Цогчин дуганад Янра шиг бий жойтав буюу буян хишгийн сав засах заслыг хийдэг аж. Мөн Тойногийн сүмд маань хөгжөөж Өвгөн суваргад Лүйжин хурж, Өвгөн суварганы гадаа үүдэнд бүх нийтээр зулын ерөөл уншиж зул мандаадаг аж.
Тус зан үйлийг Говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаа 1853 оны харагчин үхэр жил Хамарын хийдийн зүүн хойд талын Алтан гавал аяга хөмөрсөн мэт жижиг овооны өмнө Шамбалын оронд хожмын шавь нартайгаа дахин уулзахын ерөөл тавьж байжээ.
Мөн Хамарын хийдийн газар тиг татан Дүйнхор буюу цагийн хүрдний хот мандлыг байгуулан 108 суваргыг босгож тэнд үйлдэх зан үйлийг дэглэн горимлож ирээдүйд хамаг олон амьтныг энэхүү хот мандлаар дамжуулан үтэр түргэн билэг оюуны төгс дээд төвшинд хүргэх ерөөл бэлгийг үүсгэн адистидыг оршоосон байна. Тиймээс хожмын шавь нар нь тэрхүү зан үйлийг үргэлжлүүлсээр өдгөө 166 дахь жилдээ золгож байгаа аж.
Ташрамд дурдахад, Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Алтангэрэл агсан өнгөрсөн зууны ерээд оноос эхэлж Хамарын хийд болон Өвгөн суваргыг сэргээн босгож, хутагтын өв соёлыг хадгалж хамгаалж, музей байгуулж, эд өлгийн зүйл болон бүтээл туурвилыг нь ард олонд хүргэж, судалгааны эргэлтэд оруулснаар Хамарын хийдийг зорих гадаад, дотоодын жуулчин, сүсэгтэн олны тоо нэмэгдсэн юм.