Хүүхэд төрөх үед толгойн тойрог нь ихдээ 34-36 см байдаг гэнэ. Эхний 2-3 сард энэ хэмжээ эрчимтэй буюу 2-3 см-ээр нэмэгдэж, аажимдаа өсөлт нь удааширсаар, хүүхэд нэг нас хүрэх үед 46-48 см болдог аж. Эрүүл, хэвийн өсөлттэй хүүхдийн толгойн тойрог энэ тоотой “мөргөдөг” аж. Харин миний охин энэ үзүүлэлтийг зөрчсөн юм.
Охиныгоо төрүүлсэн эхний саруудад өрхийн эмнэлгийн эмчдээ тогтмол үзүүлэв. Эмч тэр бүрт жин, өндрийг нь хэмжиж, өсөлт хөгжил нь хэвийн үргэлжилж буйг хэлсэн. “Хөхний сүү нь шимтэй бололтой. Овоо “хөөрхөн” мариалчихаж. Сүрхий өндөр болох шинжтэй” гэх зэрэг сайн сайхан үг хэлж, туршлагагүй, шинэ ээжийг урамшуулдаг байлаа. Гэвч гурван сартайд нь охины минь биеэр харшлаас улбаатай тууралт гарснаар бид анх удаа хувийн эмнэлэгт хандсан юм. Тэр нь “Зинт клиник”. Эмч үзлэг хийсэн даруйдаа л “Төрснөөс хойших гурван сарын хугацаанд толгойн тойрог нь найман см-ээр нэмэгдчихэж. Ажиглая” гэв. Шалтгааныг нь тодруулахад, “Өөр нөлөө байж магадгүй. Юутай ч азная” гэхээс өөр дорвитой тайлбар хэлсэнгүй. Үүнээс нэг сарын дараа дахин үзүүлэхэд өнөөх хэмжээ нь гурван см-ээр нэмэгдэж, толгойн тойрог нь 45 см болсон байв. Нэг настай хүүхдийнхтэй дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин энэ үед эмч “Ямар нэг шалтгаангүйгээр ингэж томрох ёсгүй. Тархины уйланхайтай бололтой. ЭХЭМҮТ-ийн дүрс оношилгооны ахлах эмч Ц.Цогзолмаад үзүүл” гэж зөвлөлөө. Дүрс оношилгоо, тэр дундаа зулайн үзлэгийг гаргууд сайн хийдэг гэж түүнийг тодорхойлсон юм.
Дүрс оношилгооны эмчид үзүүллээ. Охины минь толгой хэвийн хэмжээнээс томорч, зантайхад хүргэсэн шалтгаан тодорхой болов. Түүний тархинд 1.7, 2.2 см диаметртэй уйланхай илрэв. Хамгийн хачирхалтай нь охин минь төрөхдөө л томоохон хоёр уйланхайтай байсан бөгөөд энэ нь шимэгдэж, багассаныг эмч дүрс оношилгоогоор төвөггүйхэн “уншив”. Киста буюу бидний нэрлэдгээр уйланхай гэгч зүйлийг энэ үеэс л мэдсэн юм. Хүүхэд эрүүл, хэвийн өсөж буйг илтгэх нэг чухал үзүүлэлт нь толгойн тойргийн хэмжээ бөгөөд манай өрх, дүүргийн эмч нар үүнийг огт ойшоодоггүйг тэгэхэд ойлгосон.
Шинжлэх ухааны албан ёсны тайлбарт “Дотроо шингэн агуулсан жижиг бөмбөлгийг уйланхай гэнэ. Ураг болон нярайн тархинд дүрс оношилгоогоор уйланхай илрэх нь тийм ч ховор биш. Анагаах ухаанд ураг, нярайн тархины дүрс оношилгоо нэвтрүүлээд 30 гаруй жил болж буй учраас энэ шинжилгээгээр илэрдэг олон өөрчлөлтийн шалтгаан, хүчин зүйлийг нэгбүрчлэн тодорхой болгоогүй. Үүний нэг нь уйланхай. Энэ нь дийлэнхдээ хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд ямар нэг нөлөөгүй” хэмээн бичсэн байв. Цахимд уйланхайны тухай иймэрхүү гэгээлэг, “хоргүй” мэдээлэл өчнөөн аж. Олонх эцэг, эх ийм ойлголттойгоос үүнийг тоохгүй орхиж, эмгэг болтол нь даамжруулах тохиолдол байгааг эмч нар хэлсэн. Тэр тусмаа охинтой минь ижил “Субарахенойд зай өргөссөн” гэсэн оноштой нөхцөлд үүнийг зүгээр нэг “усан бөмбөлөг” төдийхнөөр ойлгож, тоомжиргүй хандаж яавч болохгүйг эмч онцолсон.
“Субарахенойд зай өргөссөн”. Үүнийг Ц.Цогзолмаа эмч “Уйланхай шимэгдэж, хэмжээ нь багасах явц хэвийн үргэлжлэхгүй байна гэсэн үг. Үүний нөлөөгөөр тархины ховдлууд өргөсөж болзошгүй. Ингэснээр тархи усжих аюултай. Тархи усжвал хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хөгжил саатах эрсдэлтэй” гэж тайлбарласан юм. Биеийн жингээ хангалттай сайн нэмэхгүй байх, өсөлт хөгжил нь удаашрах, татах, шалтгаангүй өндөр халуурах, ямар нэг эрхтэн нь гаж хөгжих, цатгалан, өвдөөгүй үедээ уцаарлах, уйлагнах, толгой нь хэвийн хэмжээнээс томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг уйланхайн нөлөө даамжирсан үед илэрдэг гэнэ. Эдгээр шинж тэмдгээс 2-3 нь илэрвэл эмчид даруй үзүүлэх шаардлагатай аж. Том хэмжээтэй уйланхай нь тархины эдийг дарж, гэмтээх аюултай тул толгой өвдөх, хатгуулах, хараа муудах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг ч илэрдэг байна. Үүний улмаас ховор тохиолдолд уйланхайг мэс ажилбараар авдаг ажээ.
Харин миний охинд зөвхөн толгой зантайх шинж тэмдэг илэрсэн учир эмч “Сар бүр тогтмол шинжилгээ хийлгэж, уйланхайн хэмжээ, шимэгдлийг хянуулах, товлолын дагуу дархлаажуулалтад хамруул” гэсэн даалгавар өгөв. Энэ тохиолдолд хамгийн сайн эмчилгээ нь асаргаа гэнэ. Хүүхдээ цэвэр агаарт тогтмол гаргаж, ойр орйхон усанд оруулан, бухимдуулахгүй байх нь чухал гэдгийг эмч онцлоод “Кистатай хүүхэд оройн цагаар уцаарлаж, уйлах нь элбэг. Уйлагнаад л байвал хэрэг бишидлээ гэсэн үг. Ийм шинж илэрвэл ирж, эм бичүүлээрэй” гэж захисан юм.
Хүүхдээ тархины уйланхайтай гэдгийг хожуу мэдсэндээ гэмшсэн бид хавар, зуны өдрүүдийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлсэн сэн. Боломж л олдвол цэвэр агаартай, мод, устай газар бараадахыг бодно. Өмнөхөөсөө хоёр дахин их ажилтай, хариуцлагатай болов. Эмчдээ тогтмол үзүүлж, хянуулсаар яг есөн сар хүрэхэд охины минь тархины уйланхай бүрмөсөн алга боллоо. Толгойн тойргийнх нь хэмжээ ч тэр үеэс тогтвортой болов.
“Хүүхэд маань тархины уйланхайтай гэнэ. Ямар эмчилгээ үр дүнтэй бол. Юу хэрэглэвэл болох вэ. Ямар эмнэлгийн зулайн дүрс оношилгоо сайн бэ. Аль эмчид үзүүлбэр дээр бол”. Ээжүүд,эмэгтэйчүүд, бага насны хүүхдийн өсөлт, хөгжилтэй холбоотой фэйсбүүкийн бүлгэмүүдэд иймэрхүү асуулт хөвөрнө. Тэр болгонд ээжүүд туршлага, мэдээлэл солилцох бөгөөд зарим нь эмч нарын өмнөөс “оношилж”, эм, эмчилгээ санал болгох нь түгээмэл. Ялангуяа цераксон хэмээх эмийг ээжүүд дур мэдэн хэрэглэх тохиолдол гаарсныг эмч нар онцолсон.
Анагаах ухааны доктор, профессор, хүүхдийн эмч Т.Навчаа энэ тухай нүүр номдоо шүүмжлэн бичжээ. Тэрбээр “Манай оронд тархины эхо шинжилгээгээр уйланхай оношлогдсон тохиолдолд цераксоныг зөвлөх нь түгээмэл байна. Citicoline хэмээх олон улсын нэршилтэй энэ эмийг тархины харвалт (тархины эдэд цус хурах, судасны цүлхэн хагарах эсвэл артери бөглөрсний улмаас цус хомсрох), тархины гэмтэл, хавдар, хүнд бүтэлт, түүнчлэн тархи хөгшрөх буюу өндөр настан ой санамжаа алдах, уймраа, салга болох үед зарим оронд хэрэглэх тохиолдол бий ч үр нөлөөтэй гэдгийг нь нотлоогүй. Цераксон нь тархины уйланхайг шимэгдүүлэхэд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. 1823 оноос хэвлэгдсэн, дэлхийн нэр хүндтэй “The Lancet” сэтгүүлд энэ талаар бичсэн байдаг” гэжээ. Тэрчлэн эмч нар уйланхайтай хүүхдийг тархины даралттай гэж хүчилж оношлон, буруу эм, эмчилгээ санал болгодгийг ч тэрбээр хөнджээ.
Тархины уйланхай юуны улмаас үүсдэгийг “Зинт клиник”-ийн хүүхдийн их эмч Д.Солонгоос асуухад “Ургийн тархи хөгжих эхлэл үед маш олон бөмбөлөг үүсдэг. Эдгээр нь хөгжлийн явцдаа аажмаар нэгдэн нийлж, алга болдог. Энэ үйл явцаас ангид үлдсэн нь уйланхай. Үүний учир шалтгааныг шинжлэх ухаан бүрэн нээгээгүй” гэв. Агаар, орчны бохирдол, хооллолт, амьдралын хэвшил гээд олон хүчин зүйл нөлөөлөх магадлалтайг тэрбээр хэлсэн юм.
Яг ийм асуудалтай нүүр тулсны улмаас жил гаруйн хугацаанд хөдөө амьдарч, бусдын зөвлөгөөгөөр хүүхдэдээ цераксон уулгасан ээжээс цөөн зүйл тодрууллаа.
Э.БАЯРХҮҮ: ДУР МЭДЭЖ ЭМ УУЛГАСАНДАА ХАРАМСДАГ
-Хүүхдээ уйланхайтай гэдгийг хэдийд мэдэв?
-Хоёр сартайд нь зулайн ЭХО-д үзүүлэхдээ мэдсэн. Шарлалт нь удаан хугацаанд үргэлжлээд, буурахгүй байсан учир ЭХЭМҮТ-ийн нярайн эмчид үзүүлсэн юм.
-Эмч юу гэж зөвлөсөн бэ?
-Агаарт байлга гэсэн. Бид хоёр тэр даруй Сэлэнгийн Зүүнхараад өвөөгийндөө очсон юм. Эмнэлэгт үзүүлснээс хойш хоёр сарын дараа буюу дөрвөн сартайд нь эмчид үзүүлэхэд уйланхай нь шимэгдээгүй, хэмжээ нь хэвэндээ байна гэсэн. Дахиад л хөдөө явсан.
-Цераксон хэмээх эмийг хэн санал болгосон бэ. Үр дүн үзүүлсэн үү?
-Хөдөө агаарт хоёр сар болоод ирэхэд уйланхайн хэмжээ багасаагүйд санаа зовнисон. Эх нялхсын эмч нар эм өгөхгүй, түр харзная гэсэн ч би найзынхаа ятгалгаар цераксоныг сар гаруйн хугацаанд уулгасан. Хүүгээ таван сартайд нь эмчид үзүүлэхэд бас л шимэгдээгүй байсан. Хувийн хоёр эмнэлэгт үзүүлэхэд энэ эмийг нэмэргүй, сөрөг нөлөө ихтэй, эмчийн зааваргүй өгч болохгүй, хүүхдээ агаар сайтай газарт байлга гэхээс өөр зүйл зөвлөөгүй. Эм уулгаад нөлөөлөөгүй. Дур мэдэж эм уулгасандаа харамсдаг.
-Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ. Уйланхай нь хэзээ бүрэн шимэгдэв?
-Зүүнхараадаа л очсон доо. 10 сартайд нь үзүүлэхэд “Хэмжээ үл ялиг багассан байна. Зарим хүүхдийнх маш удаан хугацаанд шимэгддэг” гэсэн. Хөдөө жил гаруй болоод ирсэн. Уйланхай нь нэг ой хоёр сартайд нь бүрэн шимэгдсэн. Азаар ховдол нь өргөсөөгүй.