Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд, үйлчлүүлэгчийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан 91.96 ам дөрвөлжин метр талбай бүхий хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижууллаа. Тус хүлээлгийн өрөөг эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэгээр тохижуулсан байна.
Уг өрөөнд ар гэрийнхэнд тусгайлан зориулсан эд зүйлс хадгалах, байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, самбар, камер, суурин утас болон ариун цэврийн өрөө, тээш хадгалах хэсэг зэргийг гаргасан гэв.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт дөрвөн хүлээлгийн өрөө ажиллаж байгаа тул эмчлүүлэгчийн ар гэрийнхэн, иргэд, үйлчлүүлэгчдийг эмнэлгийн нийтийн эзэмшлийн зориулалтын бус хэсгүүдэд хэт олноороо цугларч, эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, эдгээр тусгайлан тохижуулсан хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зөв боловсон ашиглаж, үйлчүүлэхийг уриаллаа.
Ташрамд дурдахад, тус эмнэлэг 2017 онд нэг давхрын 16 ам дөрвөлжин метр талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг, 2019 онд 2 давхрын 12 ам дөрвөлжин метр талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулсан юм.