УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн төлөөллүүдтэй агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцав.
Тодруулбал, Ховд аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан, утаагүй түлшний үйлдвэр байгуулах асуудлаар Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мо Эн Ко” ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэг, Төр олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Гөлгөө нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, сайжруулсан түлшээр баруун бүс нутгийг хангах асуудлаар санал солилцож буйг тэмдэглэлээ.
Мөн Ховд аймгийн төвийн агаарын бохирдол зарим тохиолдолд Улаанбаатар хотынхоос давдгийг тэмдэглээд, нийслэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Таван толгой түлш" компанийн салбарыг орон нутагт нээх нь агаарын бохирдолтой тэмцэх нэг хувилбар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Ховд аймаг давсан орлогоосоо хоёр тэрбум төгрөгийг сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад зарцуулах боломжтойг тэрбээр энэ үеэр онцлов.
Харин "Мо Эн Ко” ХХК-ийн удирдлагууд энэ үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлж, Ховд аймгийн төв Жаргалант сумын агаарын бохирдлыг бууруулахад тусгайлан анхаарал хандуулна гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн энэхүү уулзалтаар цаашид сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, УУХҮЯ зэрэг холбогдох талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.
Ташрамд дурдахад, Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхай жилдээ 1,2 сая тонн нүүрс олборлодог, хуурай баяжуулалт хийгээд эрчим хүчний нүүрс мөн гаргадаг юм байна.