Ямартай ч Л.Месси багтаа үлдэхээр боллоо. “Мессигэйт” тийм ч удаан биш буюу ердөө 13 хоног үргэлжлэв. Лео goal.com цахим хуудсаар дамжуулан хийсэн албан ёсны мэдэгдэлдээ “Барселона” багт үлдэнэ гэж тэмдэглэв. Нэг улирал буюу 2021 оны зургадугаар сар хүртэлх гэрээгээ дуустал тэрбээр Каталоны багт тоглох юм. Гэвч тэр хүртэл “Барселона”-д юу болох нь сонирхол татаж байна.
Л.Месси бол агуу тоглогч, магадгүй түүхэн дэх шилдэг хөлбөмбөгч. Мэдээж сүүлийн хоёр жил аргентин тоглогч төвийн шугам болон эсрэг багийн торгуулийн талбайн хоорондох зайд голдуу тоглож, элдэв хар ажлаас чөлөөлөгдсөн. Гэсэн хэрнээ тэрбээр багтаа тус хүргэсээр байгаа. “Барселона”-гийн сүүлийн хоёр аваргын цом үнэндээ түүний хүч, хөдөлмөрөөр олдсон гэж болно.
ЛЕОГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
• 2017-2018 оны Испанийн АШТ: 34 гоол, 12 дамжуулалт
• 2018-2019 оны Испанийн АШТ: 36 гоол, 14 дамжуулалт
• 2019-2020 оны Испанийн АШТ: 25 гоол, 21 дамжуулалт
Ийм тоглогчийг явуулах талаар бодох нь байж боломгүй мэт санагдана. Гэвч түүнийг ийм сайн тоглосоор байхад ч “Барселона” шүүмжлэлд өртсөөр, тэдгээр нь үндэслэлтэй байсныг санах хэрэгтэй. Энэ олон гоол, дамжуулалтууд бол Л.Мессигийн ур чадвар юм. Арван жилийн өмнө П.Гвардьолагийн удирдлагад тоглож байхдаа Лео мөн л ийм олон гоол оруулж байсан ч баг нь огт өөр байв. Харин одоо тус баг “Леод бөмбөгөө дамжуул, тэр тоглолтыг шийднэ” гэсэн онолтой болсон. Лео шийдсээр ирсэн ч энэ бол амжилтад хүрэх зөв томьёо биш билээ.
Магадгүй шинэ “Барселона”-г Л.Мессид тулгуурлан босгож болно. Гэхдээ үүнд хоёр “бэрхшээл” бий. Нэгдүгээрт, аргентин тоглогч бол хэтэрхий нэр нөлөөтэй хүн. П.Гвардьолаг 12 жилийн өмнө ирэхэд Лео 21 настай, түүнийг мундаг гэдгийг бүгд ойлгодог байсан ч ийм түвшинд хүрэхийг нь огт гадарлаагүй. Түүнээс гадна дэргэд нь Хави, А.Иньеста, К.Пуойль нар тоглож байлаа. Харин өдгөө Л.Мессигийн статус огт өөр, тэгээд ч дэргэд нь арваад жилийн өмнөх шиг мундаг хамтрагчид алга. Хүнд үед “Леод бөмбөгөө дамжуул, тэр тоглолтыг шийднэ” гэж бодох нь хэтэрхий эрсдэлтэй болсон.
Хоёрдугаарт, нэг жилийн дараа явах өндөр магадлалтай тоглогчид тулгуурлаж шинэ төсөл эхлүүлэх нь маш хэцүү. Бараг л утгагүй, боломжгүй. Л.Месси goal.com-д өгсөн ярилцлагадаа “Барселона”-д хайртай гэдгээ олон дахин илэрхийлсэн ч түүнийг багтаа үлдэнэ гэсэн баталгаа байхгүй. Түүнийг багийн хоёр дахь гол тоглогч болгох, эсвэл сэлгээнд суулгах боломжгүй. Яагаад гэвэл тэр бол Л.Месси.
Эцэст нь дурдах ёстой нэг зүйл бий. Лео эсвэл “Барселона” муу тоглох бүрт (ийм зүйл зайлшгүй тохиолдоно) түүнийг багтаа өөрийгөө бүрэн зориулахгүй байна, тэр тоглохыг хүсэхгүй байна гэх мэт яриа гарна. Энэ бүхэн багийн тоглогчдод мэдээж сөргөөр нөлөөлнө.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар