Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвар дэлхий нийтээр 216 улс оронд бүртгэгдэж, 26 сая 892 мянга хүн өвчилж 889 мянган хүн нас барсан бол 19 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн гурван хоногийн хугацаанд 875 мянган хүн шинээр халдвар авч, 17 мянга гаруй хүн нас барсан байна.
Тэр дундаа Энэтхэг улсын хувьд нэлээд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал өчигдөр тус улсад 90,632 хүн коронавирусний халдвар авчээ. Мөн 24 цагийн хугацаанд ОХУ-д 5,195 хүн өвчилж 61 хүн нас барсан бол БНХАУ-д 34 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Япон улсад шинээр 451 тохиолдол батлагдаж, найман хүн нас барсан үзүүлэлттэй байгаа бол БНСУ-д 119 хүн шинээр халдвар авчээ.
Харин манай улсын тусгаарлах ажиглалтад өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 362 хүн шинээр тусгаарлалт ажиглалтад орж, 652 хүн тусгаарлах ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогоор тусгаарлах ажиглалтын байранд 3,600 хүн байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 60 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа юм" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "АНУ-ын эрдэмтэд 2021 оны нэгдүгээр сард коронавирусийн халдвартай холбоотой нас баралт 410 мянгад хүрнэ гэж тооцоолсон. Тиймээс амны хаалтаа зүүхийг тус эрдэмтэд анхааруулжээ. Харин Австралийн эрдэмтэд тамхи, электрон тамхи татах нь коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өдөрт гурван тамхи татах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.