Дундговь аймгийн хөрсийг эвдэн, элэгдэлд оруулж, газрыг доройтуулсан хэмээх гомдол орон нутгийн иргэдээс мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн наймдугаар сарын 24-30-нд хяналт, шалгалт хийсэн байна. “Мөнх наран-Ази инженер”, “Хөгжлийн мөр”, “Trans Asian road”, “Ачит тус”, “Мөнгөн хүлэг” зэрэг компанийн жолооч нарын тээвэрлэлтийг дээрх хугацаанд хянажээ. Ингэхэд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх чиглэлийг өөрчлөн, шинээр олон салаа зам гаргаж байгааг тогтоосон аж. Хөрсийг элэгдэлд оруулж, газрыг доройтуулсан жолооч нарыг торгосон гэнэ. Мөн жолооч нарт нүүрсээ Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай замаар тээвэрлэх үүрэг өгчээ. Үүнээс гадна мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар Дундговийн Өлзийт сумын нутагт олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүдийг шалгасан бөгөөд “Хэрлэн-Энерго”, “Гранд стоун солюшн”, “Межик бридж” компанид нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг өгчээ.