Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ. Тодруулбал, 2018 оноос эхлэн “Малын махны ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологи” сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтын хүрээнд өнгөрсөн онд Төв аймгийн Баяндэлгэр сумын зургаан малчин нэгдэж 316 хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан төөнөх аргаар хөнгөлөн, бэлчээрээр таргалуулж туршжээ. Уг туршилтаар 7-8 сартай хурганы амьд жинг 18-19 сартай төлөгний хэмжээнд хүргэж мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлсэн байна.
Мөн энэ онд тус сумын удирдлага 16 малчин өрхийг хамруулан цахилгаан соронзон долгионы аргаар 744 хурга хөнгөлжээ. Хурга бүрт бүртгэлийн зураасан код бүхий ээмэг зүүж, бүртгэлийн журнал хөтөлж, уг хургаа найман сарын эхээр эхээс нь ялган 370-400 толгойгоор нэг суурь болгож, өвчнөөс ангид аюулгүй бүсэд суурилуулах ажил хийгдэж байгаа гэнэ.
Түүнчлэн өсвөр насны бяруу болон 2-3 сарын настай монгол хургыг цахилгаан соронзон долгионы багаж ашиглан, төөнөж, таслах аргаар хөнгөлж, 5-6 сарын хугацаанд жинг нь 37-42 хувиар нэмэгдүүлжээ. Төөнөж, таслах аргачлал нь махны гарцыг нэмэгдүүлж, гулууз махны гарцыг 1.8 дахин өсгөн, уургийн агууламж өндөртэй зөөлөн махыг зах зээлд нийлүүлэн, бэлчээрийг зохистой ашиглалтад оруулж, малчид өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна.