Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд орон нутгийн багш нарыг онлайн сургалтад хамруулж байгаа талаар Багшийн хөгжил сургалтын технологийн албаны дарга Б.Намсрайдоржоос тодруулга авлаа.
-Багш нар онлайн сургалтад хэзээнээс эхэлж хамрагдсан бэ?
-Сургалт өчигдөр эхэлсэн. Энэхүү зайн сургалтад орон нутгийн нийт 10 мянган орчим багш хамрагдахаар төлөвлөгдсөн. Өчигдрийн байдлаар 4000 гаруй багш хамрагдсан юм. Сургалтыг онцлог нь теле хичээлийн бататгал, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, онцгой байдлын сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар төвлөрч зөвлөгөө өгч ажиллаж байна. Анх удаагаа шууд зайн сургалтын хэлбэрээр орон нутгийн багш нарт хүрч ажиллаж байгаа.
-Сургалтууд хаана явагдаж байна вэ?
-Багшийн хөгжлийн ордон дээр хоёр зайн сургалт, МУБИС-ын зайн сургалтын төв зэрэг нийт дөрвөн танхимаас шууд хийгдэж байна. Орон нутгийн багш нар аймаг аймгаасаа сургалтаа авч байна.
-Багш нарын зайн сургалтын хугацааны хувьд ямар байна вэ?
-Багш нарын зайн сургалтын хугацаа нь нэг судлагдахуунаар хагас өдрийн сургалт. Тэгэхээр 15 судлагдахуунаар хоёр өдөр дөрвөн танхимд зохион байгуулж байна.
-Теле хичээлийн талаар тодруулбал?
- Энэ есдүгээр сард теле хичээлийг өнгөрсөн гурав, дөрөвдүгээр улирлын теле хичээлийг бататгал хэлбэрээр явуулна. Аравдугаар сараас эхлэн шинэ теле хичээлүүд дамжуулагдана. Теле хичээлд өмнө нь 700 орчим багш үйл ажиллагаанд хамрагдсан. Одоо есөөс аравдугаар сарын теле хичээлд 400 орчим багш теле хичээ заана.
-Орон нутгийн багш нарт цахим сургалтын үед техник технологийн хүрэлцээ хэр байна вэ?
-Сум, багуудын хувьд бол харьцангуй хэвийн хэмжээнд сургалт үргэлжилнэ. Аймгийн төв дээр бол хоттой адилхан гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар хичээллэнэ. Хичээлийн хувьд орохгүй төрлийн хичээл гэж байхгүй. танхим болон цахимаар хичээлүүд хуваагдаж орж байна. Мөн төгсөх ангийн сурагчдад сонгох гурав хүртэл хичээл танхимаар явагдана.
-Орон нутгийн хүүхдүүдэд цахим орчинд суралцах боломж бололцооны талаар судалгаа мэдээлэл бий юу?
-Аймгийн төв дээр телевизийн болон бусад интернетийн орчин харьцангуй сайн. Харин сум болон багийн хувьд танхимаар хичээллэх учир асуудал үүсэхгүй.