- Хөлбөмбөгийн ертөнцийг асар сонирхолтой үйл явдал хүлээж байна –
ДУУЛИАН ДЭГДЭЭСЭН ФАКС
Өнгөрсөн мягмар гарагт “Лионель Месси багаасаа явах хүсэлтэй байна” гэсэн мэдээлэл гарсны дараа спорт сонирхогчдод хамгийн түрүүнд “Ахиад уу” гэсэн бодол төрсөн байж магадгүй. Учир нь түүнийг Каталоний багийг орхино гэсэн яриа сүүлийн хэдэн жил савангийн дуурь мэт үргэлжилсэн.
Гэвч энэ удаад байдал өмнөхөөс огт өөр. “Onda сero” радиогийн мэдээлснээр аргентин тоглогч 2021 оны зун хүртэл хүчинтэй гэрээгээ цуцлахыг хүсэж буйгаа илэрхийлсэн факсыг “Барселона”-гийн оффис руу явуулсан ажээ. Тус
эх сурвалжид дурдсанаар хөдөлмөрийн харилцааг дангаараа цуцлах эрх олгосон заалтыг Л.Мессигийн гэрээнд тусгасан байдаг гэнэ. Гэхдээ энд хууль, эрх зүйн өөр нэг хүчин зүйлийг авч үзэх ёстой. Хөлбөмбөгч гэрээг цуцлах хүсэлтэй бол үүнийгээ 2020 оны тавдугаар сарын 30-наас өмнө ашиглах ёстой байсан аж. “Барселона”-гийн хуульчид энэ талаар түүний төлөөлөгчдөд хэдийн мэдэгдсэн байна. Харин Л.Мессигийн хуульчид үүнийг эсэргүүцэж, цар тахлын улмаас улирал наймдугаар сард дууссан учир гэрээний тэрхүү заалтыг энэ сарын 31-нээр дуусгавар болгож хэрэглэх ёстой гэж үзэж байгаа ажээ.
Ийнхүү хоёр талын хуульчид бичиг цаасан дээр тулаан өрнүүлж байна. Эл тулаан хэрхэн төгсөхөөс үл шалтгаалж Л.Месси багаасаа явахыг хүсэж буй нь нэгэнт тодорхой болжээ. Эс бөгөөс “Барселона”-д өнөөгийн удирдлага нь байгаа цагт тэрбээр багтаа үлдэх хүсэлгүй гэнэ.
Каталон даяар үзэн ядаж буй Ж.Бартомеугийн баримталж ирсэн бодлогууд, үнэтэй атлаа үр дүнгүй наймаанууд, байнгын дуулиан шуугианаас Л.Месси залхаж байгаа нь ойлгомжтой юм. Аргентины нэр хүндтэй “Clarin” сонинд бичсэнээс үзвэл багт нь болж байгаа бүхий л зүйлийн хариуцлагыг өөрт нь үүрүүлдэг гэж нэрт тоглогч үзэж байгаа аж.
Хэдхэн хоногийн өмнө л гэхэд шинэ дасгалжуулагч Р.Кумантай хийсэн уулзалтынх нь талаарх мэдээлэл хэвлэлд тарсан нь Л.Мессигийн дургүйг ихээхэн хүргэсэн. Түүнчлэн Леогийн гэр бүлийн найз, нэг багийн анд Л.Суаресийг ирэх жил багт тоглуулах бодолгүй байгаа гэдгээ Р.Куман биечлэн уулзаж ярилцалгүй, утсаар хэлж хүндэтгэлгүй харилцсан нь ч аргентин тоглогчийн зэвүүг хүргэсэн гэнэ.
ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ
Олон нийт Леогийн талд байна. Твиттерт #BartomeuOut, #BartoOut, #MessiSiBartoNo гэсэн хэштаг олноор бий болов. Аргентин тоглогчийг дэмжиж буйгаа “Барса”-гийн ахлагч асан К.Пуойль мэдэгдэж, “Леог хүндэлж, биширхээс өөр аргагүй. Чамайг бүрэн дэмжиж байна” гэж жиргэжээ.
Гэвч энэ бол уянгын халил юм. Бодит байдалд хоёр талыг гэрээний заалт тойрсон хүндхэн тулаан хүлээж буй. Хэрэв “Барса”-гийн хуульчид ялбал Л.Месси, эсвэл түүнийг авах хүсэлтэй баг 700 сая евро төлөх шаардлагатай болно. Энэ их мөнгийг төлөх баг бий гэж дэлхийн хэвлэл, мэдээллээр бичээд эхэлсэн төдийгүй, “Манчестер юнайтед”, “Манчестер сити”, “Интер”, ПСЖ гээд нэрсийг нь жагсааж байна.
Эл тулааны эхний сумыг тавьсан Л.Месси магадгүй багтаа эрс өөрчлөлт хийхийг ч шаардаж магадгүй. Тухайлбал, ерөнхийлөгч Ж.Бартомеуг хугацаанаас нь өмнө огцруулах санал хураалтыг явуулахыг тэр хүсэж болно.
АЛЬ БАГТ ОЧИХ ВЭ
Өдгөө 33 настай хөлбөмбөгч өндөр цалинтай сүүлчийн гэрээгээ байгуулах боломжтой. Гэхдээ түүнийг Хятад, Катар, Японы лиг рүү их мөнгөний араас явахгүй гэдэгт спорт сонирхогчид итгэлтэй байгаа болов уу. Итгэлтэй хэлж болох өөр нэг зүйл бол Л.Месси Испанийн өөр багт тоглохгүй.
Италийн “Ювентус” баг аргентин тоглогчийг сонирхож магадгүй гэсэн мэдээлэл гараад буй. Месси-Роналдугийн хослол цаасан дээр гайхалтай харагдах боловч ийм зүйл бодитой болоход цөөнгүй саад тулгарна. Юуны өмнө солилцооны болон цалинтай холбоотой санхүүгийн асуудал бий. Хоёрдугаарт, эл хоёр супер од талбайд гар нийлж тоглох, эсэх нь ихээхэн эргэлзээ, асуудал дагуулна. Италийн багуудаас харин “Интер” Л.Мессид тохиромжтой байж болох талтай.
Үүнээс ч илүү бодитой хувилбар бол “Манчестер сити”. Ямар ч тоглогч, ямар ч одын сонирхлыг татах санхүүгийн арвин боломж энэ багт бий. Мөн спортын амжилт, сорилт талаасаа ч Л.Мессигийн анхаарлыг татна. “Манчестер юнайтед” (Б.Фернандешийг авч хүчирхэгжсэн), “Челси” (энэ зун Европт хамгийн идэвхтэй наймаа хийсэн баг), “Ливерпуль” (энэ багийн талаар тайлбар хийх нь илүүц) зэрэг шилдэг багтай өрсөлдөх нь Леогийн сонирхолд нийцнэ. “Аваргуудын лиг”-ийг авч үзсэн ч “Сити”-д Л.Месси, Л.Мессид “Сити” хэрэгтэй. Магадгүй П.Гвардьолаг эл нэр хүндтэй тэмцээнд түрүүлэхэд нь чухам Лео туслах боломжтой. Тэгээд ч сүүлийн жилүүдэд сайн дасгалжуулагчийн удирдлагад тоглох хувь дутсан Л.Месси Пептэй дахин хамтран ажиллах хүсэлтэй байж болох юм. Нэмж хэлэхэд тоглолтын хэв маягийн хувьд ч Месси энэ багт яг таарна.
Ийнхүү дуулиан шуугиан, санаанд оромгүй явдлаар дүүрэн 2020 он дахин нэг гэнэтийн бэлгээ дэлгэлээ.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар