Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлийн хүрээнд орон нутгийн багш нар онлайнаар сургалтад хамрагдаж байна.
Тухайлбал, Багш мэргэжлийг дээшлүүлэх институт болон МУБИС-ын зайны сургалтын төвд тус институтийн арга зүйчид 20 аймгийн Сургалтын өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын 15 судлагдахууны 11,778 багш нарт онлайн сургалтыг өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн турш явуулж байгаа аж.
Сургалтын хүрээнд онцгой байдлын үеийн хичээл сургалтын зохион байгуулалт, теле хичээлийн бататгал зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй, оношлох үнэлгээ, теле ба бататгал хичээл зохион байгуулах чиглэлийн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна.
Ташрамд дурдахад, энэ сарын 20-нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд сургалт явуулсан. Мөн нийслэлийн зургаан дүүргийн сургуулиудад энэ сарын 24-ны өдөр "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтыг тус бүр зохион байгуулсан юм.