Ховд аймагт хүлэмжийн аж ахуй эрхлэгч 10 иргэнд долоон сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, өрхийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, экологийн цэвэр жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос эхлэн "Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд тус аймгийн Жаргалант суманд шинээр хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд нийт долоон сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан иргэдийн төлөөлөл болох Ховд аймгийн Жаргалант сумын тариаланч Г.Мишка нь өөрийн хүлэмжийн аж ахуйг эрхлэхийн зэрэгцээ, хөтөлбөрт хамрагдсан бусад иргэдэд хүлэмжид хэрхэн тариалалт хийх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг гэнэ. Үүний үр дүнд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид энэ намар өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэрэг 10 нэр төрлийн жимс хүнсний ногоо хураан авчээ.
Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд өрхийн хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжиж жимс, хүнсний ногооны төрөлжсөн хүлэмжийн цогцолборыг бий болгож, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нэмэгдүүлснээр гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний ногооны хэрэглээг бууруулж, иргэдийг эрүүл хүнсээр хангах бүрэн боломжтойг хөтөлбөр хамрагдсан иргэд онцолсон юм.