Энэ бол цагаан гүеэт жижир (monticola gularis) хэмээх шувуу. Судлаачид 2013 онд Хэнтий аймгийн Мөрөн сумаас анх илрүүлэн бүртгэж, Монголын шувууны төрөл зүйлийг нэгээр нэмжээ. Үүнээс гурван жилийн дараа Дорнодын Халх голоос дахин нэг эмэгчин цагаан гүеэт олсон байна. Харин гурав дахь тохиолдлоор эрэгчнийг нь илрүүлжээ. Тодруулбал, нүүдэллэх үедээ гэмтэж, нисэж чадахаа больсон нэгэн шувууг Дорнод аймгийн Дашбалбар сумын байгаль хамгаалагч Д.Билгүүн олж, судлаачдад шинжүүлсэн нь эрэгчин цагаан гүеэт жижир байжээ.