Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачилсан "Яараад яахав дээ" нөлөөллийн аяны үр дүнд Хэнтий аймагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага буурсан байна.
Тодруулбал, тус аяны үр дүнд Хэнтий аймагт орон нутгийн замд гарах зөрчлийн дуудлага мэдээлэл 10.2 хувиар, гэмт хэрэг 44.4 хувиар,ослын улмаас амь насаа алдсан хүний тоо хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Аяны хүрээнд Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг АО-501, АО-502 дугаарын улсын чанартай 450 километр авто замыг Чингис хотоос Жаргалтхаан сум, Жаргалтхаан сумаас Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр хүртэлх замуудад хоёр автомашинтай зургаан алба хаагчийг тухай бүр хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулсан.
Мөн Цэнхэрмандал сум, Чингис хотын Хэрлэн голын гүүрэн дэх байнгын хяналтын постод дөрвөн алба хаагч, түр постод мөн дөрвөн алба хаагч цагийн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөнт байдлаар нийт 5600 километр замд хяналт тавьж ажилласан байна.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх 13 ширхэг самбарыг авто зам дагуу байрлуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Эрдэм трансс, Бид анд нар ХХК-ны том оврын 8 автобус, Өндөрхаан хот тохижилт үйлчилгээний газрын зургаан автобусанд “Яараад яах вэ дээ” нөлөөллийн аяны зурагт хуудсыг нааж, төвийн болон орон нутгийн замд иргэдэд сурталчлан ажилласан талаар Хэнтий аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.