Сэлэнгэ аймгийн хэмжээнд сум, орон нутагт мал сүргийг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалгын ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаа эхэлжээ.
Мал сүргийг жил бүр тогтмол угаалгад хамруулснаар мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос, ноолуур, махны гарц чанар дээшилдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн мал сүргийг угаалгад хамруулснаар шимэгчгүй болж малын тарга тэвээрэг нэмэгдэж, махны гарц 20-30 хувиар өсдөг байна.
Энэ нь цаашлаад хүнсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд асар их ач холбогдолтой юм. Тиймээс малчид "Мал сүргээ шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх" арга хэмжээний нэг хэсэг болох мал угаалгын ажилд идэвхтэй хамрагдахыг Мал эмнэлгийн газраас уриалж байна.
Мөн мал угаалгын ажилд хамрагдаагүй малчинд мал эмнэлгийн гэрчилгээ, малын эрүүл мэндийн тодорхойлолт олгохгүй болохыг анхаарууллаа.