Испани улсын өмнөх эзэн хаан I Хуан Карлос авилгалан хэрэгт холбогдсоны улмаас эх орноосоо дүрвэх болсноо өчигдөр зарлажээ. Хуан Корлос энэ тухайгаа өөрийн хүү одоогийн эзэн хаан VI Филипд захидлаар мэдэгдсэн байна. Захидалд тэмдэглэснээр I Хуан Карлос Испанийн хаан ширээнд 40 жил залрахдаа "улс орон, хаан төрийн төлөө хамгийн сайн сайхныг хүссээр ирсэн" гэжээ. Энэ үүднээс тэрбээр залгамжлагчийг "үүргээ асуудалгүй хэрэгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулахад" бэлэн байгаагаа илэрхийлж, ингэх нь өөрийнх нь хувийн амьдралын зарим үйл явдалтай холбоотой дуулиан шуугиантай энэ үед зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. "Миний өв, миний нэр төр надаас үүнийг шаардаж байна" гэж I Хуан Карлос бичсэн байна. Хааны ордноос мэдээлснээр VI Филип эцэгтээ энэ шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлээд "түүний хаанчлалын түүхэн ач холбогдолтой байсныг" тэмдэглэжээ. Хуан Карлос 1975 онд хаан ширээнд сууж, 38 жилийн дараа 2014 онд хүү Фелипд ширээгээ залгамжлуулсан юм. Хуан Карлосын нууц амраг байсан Германы бизнесмен Карина Ларсентай холбоотой баримтууд 2018 онд хэвлэлд гарч ил болсноор бүх дуулиан шуугиан дэгдэх шалтгаан болжээ. Улмаар энэ хэргийг Испани, Швейцарын хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна. 2008 онд Саудын Арабаас 100 сая ам.долларыг Хуан Карлосын Швейцарын банкан дахь нууц данс руу шилжүүлж байжээ. Испанийн шүүх өнгөрсөн зургадугаар сард энэ мөнгийг шалгаж эхэлсэн ч эзэн хааны халдашгүй эрхийн дагуу зөвхөн хаан ширээнээс бууснаас нь хойших хугацааны үйл ажиллагааг шалгаж байгаа юм. Тухайн үед Испанийн компаниуд Саудын Арабын шашны ариун газрууд болох Мекка, Медина хотуудыг өндөр хурдны төмөр замаар холбох найман тэрбум ам.долларын тендерт шалгараад байсан ба үүнд нь Эзэн хаан дэмжлэг үзүүлснийхээ хариуд их хэмжээний авилга авч, нууц амрагтайгаа хуваасан гэж хуулийн байгууллага үзэж байгаа аж. Эл дуулиантай холбогдуулан одоогийн эзэн хаан VI Филип олон нийтийн итгэлийг олж авахын тулд өв залгамжлалаасаа татгалзаж, эцэг хаанд жил бүр ордноос төлдөг $228,000-ын тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргасан байна. Экс эзэн хаан ямар улс орон руу дүрвэх гэж байгаа талаар мэдээлэл ил болоогүй байна.