Гол, мөрний ус нь багассаны улмаас Тажикстан улс Узбекистан, Афганистанд эрчим хүч нийлүүлэхээ болив. Ирэх намар, өвлийн улиралд улсад нь эрчим хүчний тасалдал үүсэхээс зайлсхийхийн тулд ийм арга хэмжээ авсныг Тажикстаны Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Тус улс дотоодын хэрэглээгээ ч сүүлийн гурван жилд анх удаа хязгаарлах гэнэ. Цахилгааны хэрэглээгээ хэмнэхийг Тажикстаны эрх баригчид иргэддээ хэдийн уриалж, эрчим хүчний хязгаарлалтыг ойлгож хүлээн авахыг хүссэн байна.
Олон улсын гэрээний дагуу урьд нь товлосон хугацаандаа буюу лхагва гарагт Тажикстан хөрш Узбекистан, Афганистанд эрчим хүч нийлүүлэхээ больсон юм. Душанбегийн шийдвэрт Афганистаны иргэд дургүйцлээ хэдийн илэрхийлжээ. “TOLOnews” телевийн мэдээлснээр 2016 онд тухайн үеийн Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани далан барих, улс орныхоо эрчим хүчний импортын хэмжээг аль болох өргөжүүлэхээр амлаж буй тухай дүрс бичлэгийг сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр маш олон хүн үзжээ. Энэ чиглэлээр Афганистаны эрх баригчид хөдлөөгүй нь афганчууд нийгмийн сүлжээгээр эсэргүүцлээ хурцаар илэрхийлэхэд хүргэсэн байна. Иргэдийнх нь хэлснээр тус улс өнөөдөр эрчим хүчний хямралыг туулж байна. “Бид гуравхан цаг л гэрэл цахилгаан хэрэглэж байна” гэж Кабулын оршин суугч Ширин Ага ярьжээ. Ташкенттай хамтран ажиллах замаар Кабулын эрчим хүчийг сэргээх найдлага тавьж байгаагаа Афганистаны эрчим хүчний “Брешна шеркат” компаниас мэдэгдсэн байна. Харин Узбекистан Туркменистанаас авч чадаагүй эрчим хүчний алдагдлаа нөхөж, дотоодын хэрэглээгээ хязгаарлахаа уламжилсан аж.