“Бэлгийн боол” байсан эмэгтэйчүүдийн дурсгалд зориулсан хөшөөг Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой төстэй гэж үзсэн тухай Rueters агентлаг мэдээлэв. Өмнөд Солонгосын Пёнчан хотод Дэлхий II дайны үед бэлгийн боолчлолд нэрвэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулж барьсан хоёр алтадмал баримал байдаг аж. Суугаа бүсгүйн баримал нь Японы янхны газруудад хүчээр “тайтгарлын эмэгтэйгээр” ажиллуулсан эмэгтэйчүүдийг билэгджээ. Хоёр дахь нь бүсгүйн өмнө бөхийж буй эрэгтэйн баримал аж. Сэтгүүлчдийн тэмдэглэснээр бол эрэгтэй баримлын нүүрний төрх Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой төстэй ажээ. Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга үүнийг байж боломгүй зүйл гэж үзсэн байна. Хэрэв тэр хөшөө үнэхээр Абэгийн царайг дүрсэлсэн бол энэ нь Сөүл, Токио хоёрын харилцаанд ноцтой нөлөөлж болзошгүй гэж тэрээр цохон тэмдэглэжээ. Хөшөө байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага баримал Абэтэй ямар ч төсгүй гэж мэдэгдсэн бол хөшөөг бүтээсэн барималч эсрэгээрээ адилхан болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Уран бүтээлч хэлэхдээ төстэй болгохыг зорьж, Өмнөд Солонгос уучлах хүртэл Япон улс үргэлжлүүлэн өршөөл ирсээр байх болно гэсэн санааг харуулахыг зорьсон гэжээ. Дэлхийн II дайны үеийн “бэлгийн боолчлолын” асуудал тус хоёр улсын харилцааны маш эмзэг сэдвийн нэг. Япон улс нэг биш удаа уучлал гуйсан бөгөөд 2015 онд Ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгосын тэр үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар асуудал шийдэгдсэн гэсэн тохиролцоонд хүрч байжээ. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа Мун Жэ Ин засгийн эрхэнд гарсны дараа Сөүл гэрээний нөхцөлийг шинэчлэн найруулахаар болсон аж. “Тайтгарлын эмэгтэй” гэдэг нь Дэлхий II дайны үеэр Японы цэргийн бэлгийн хэрэгцээг хангах зориулалтаар цэргийн уушийн газруудад хүчээр ажиллуулдаг байсан эмэгтэйчүүдийг хэлдэг байжээ. Токио үүнийг тэдгээр эмэгтэйчүүдийн хувийн сонголт байсан гэж мэдэгдсэн. Бусад улс орны түүхчид охидыг хулгайлж, янхны газар албаар ажиллуулдаг байсан гэж үздэг. "Тайтгарлын эмэгтэйчүүдийн" тоо 20,000-аас 410,000 хооронд хэлбэлздэг аж.