Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд үржүүлж буй тахийн тоо толгой 100-д хүрснийг мэдээлжээ. Хомын талд анх 2004-2005 онд Францаас 22, Чехээс дөрвөн тахь авчирч, “Тахь адууг сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр” хэрэгжүүлж эхлүүлсэн юм. Өдгөө тахийн сүрэг эх нутагтаа хэдийн идээшин, цаг агаарын тааламжгүй нөхцөл, чононд бариулах зэрэг ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд үржиж байна. Цаашид тахь нутагшуулах бүсийн хамгаалалтын хашааг буулган, онгон байгальд тавих төлөвлөгөөтэй гэдгээ “Хомын талын тахь” ТББ-ынхан онцолсон аж. Мөн байгаль хамгаалах зорилгоор ховордсон ургамал, амьтдын өлгий нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болсон. Үүний хүрээнд Завханы Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын тал орчмын 2900 ам метр газрыг байгалийн цогцолборт газарт тооцохоор хэлэлцэж буй гэнэ.