Дорнод аймгийн Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөтгөх болсон. Уг ажлыг БНХАУ-ын ТВЕА группийнхэн гүйцэтгэхээр тендерт шалгарсан билээ. Тэгвэл тус компанийн инженер, техникийн 31 ажилтан уржигдар Замын-Үүдийн боомтоор Монголд иржээ. Хятад ажилтнуудыг Дорнодын “Чойбалсан” зочид буудалд тусгаарлалаа. Тэднийг 21 хоногийн хугацаанд тусгаарлаад, дахин шинжилгээ авах юм. Тус станцын өргөтгөлийг БНХАУ-ын Хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр барина. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд ажлаа дуусган, хүлээлгэн өгөх гэрээтэй аж. Засгийн газрын тогтоолоор дээрх ажлыг гүйцэтгүүлэхэд БНХАУ-аас 250 ажилтан оруулж ирэх байсан. Гэхдээ хорио цээрийн дэглэмээс шалтгаалан эхний ээлжид инженер, техникийн 31 ажилтныг Монгол руу нэвтрүүлжээ. Үүнээс гадна Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг барихад нарийн мэргэжлийн 100 гаруй инженер хэрэгцээтэй байгаа. Эхний ээлжид энэ сарын 9-нд БНХАУ-ын 35 иргэнийг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлжээ. Тэднийг мөн л тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байна.