АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын туслах асан Жон Болтон Америкийн удирдагч Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэр тэгш түвшинд яриа хэлэлцээ хийх хангалттай бэлтгэлгүй гэж үзжээ. Болтон энэ санаагаа Даваа гарагт /2020.07.20/ WPTV телевизийн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагадаа илэрхийлжээ. Болтон ярихдаа Трампыг стратегийн хувьд бодох чадвараараа Путинээс доогуур гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр "Хэрэв түүн шиг (Путиныг шиг) хэн нэгнийг ширээний нэг талд, нөгөө талд нь харьцангуй мэдээлэл багатай, түүхийн мэдлэг хомс, яриаг хэрхэн яаж явуулах талаар тодорхой ойлголтгүй Трампыг суулгавал шударга бус тэмцэл болно” гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн экс туслахын хэлснээр бол Путин уулзалтад Трампаас илүү анхааралтай бэлддэг аж. Болтоны "Энэ үйл явдал болсон өрөө: Цагаан ордны дурсамж" (The Room Where It Happened: A White House Memoir) нэртэй ном өнгөрсөн сард нээлтээ хийжээ. Уг номдоо зохиогч мөн л Трампыг шүүмжилсэн байна. АНУ-ын эрх баригчид Болтоныг ерөнхийлөгчийн туслахаар томилогдохдоо улсын нууц агуулсан мэдээллийг задруулахгүй гэсэн үүргээ зөрчиж байна хэмээн мэдэгджээ. Трамп 2018 оны 3-р сард Болтоныг уг албан тушаалд томилоод, 18 сарын дараа түүнийг ажлаас нь халсан юм.