Бельгийн Конго 1960 оны зургадугаар сарын 30-нд тусгаар тогтнолоо зарласан аж. Үүнээс хойш 60 жилийн 50-д нь тус улсыг хоёр л хүн удирдсан бөгөөд тэд асар их хөрөнгөд эзэн суужээ. Тусгаар тогтнохын төлөө тэмцсэн жилүүдэд эл орон олон сая хүний цус урсгасан хоёр том дайн, бүс нутгийн олон мөргөлдөөнийг даван туулсан гэнэ. Мөн хоёр Ерөнхий сайд, нэг Ерөнхийлөгч амь үрэгдэж, Сайд нарын танхимын нэг тэргүүн цаазлуулжээ. Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсын одоогийн Ерөнхийлөгчид өмнөх удирдагч нь сайн дураар халаагаа өгсөн бөгөөд энэ нь анхны тохиолдол юм.
АРДЧИЛСАН БҮГД НАЙРАМДАХ КОНГО УЛС БОЛСОН НЬ
XIX зууны эцсээр Конго мөрний сав газрын дийлэнх хэсэг Бельгийн хаан II Леопольдын мэдэлд шилжив. Эл газар нутгийг Тусгаар тогтносон Конго Улс хэмээн нэрлэжээ. Мөрний хойд эргийн нэг хэсэг Францад ногдсон аж. 1908 оны арваннэгдүгээр сарын 15-нд хаан II Леопольд Конгог улсдаа худалджээ. Тийнхүү колони улс Бельгийн Конго гэгдэж, тусгаар тогтнолоо зарласныхаа дараа Бүгд Найрамдах Конго Улс болсон гэнэ. Францын колони улс ч 1960 оны наймдугаар сарын 15-нд тусгаар тогтнож, мөн л Бүгд Найрамдах Конго Улс гэгдэв. Энэ хоёр улсыг ялгахын тулд нийслэлийнх нь нэрийг нэмж, Конго-Леопольдвиль (Бельгийн колони байсан), Конго-Браззавиль (Францынх асан) гэх болжээ. Бельгийн хуучин колони 1964 онд Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс болж, нэрээ өөрчилсөн байна. 1971-1997 онд тус улсыг Заир гэдэг байв.
АМЛАЛТЫГ 30 ЖИЛ ХҮЛЭЭДЭГГҮЙ
Бельгийн Конгод колоничлолын эсрэг тэмцэл эрчимтэй өрнөжээ. 1955 онд Бельгийн хаан Бодуэн колони улсдаа очиход харьяатууд нь баяртайгаар угтав. Уугуул иргэдийг илүү эрхтэй болгох Бельги-Конгогийн хамтын нийгэмлэг байгуулах тухай захирагч Леон Петийний саналыг хаан дэмжлээ. Тэр жил Бельгийн профессор Антон ван Бильсен 30 жилд хэрэгжүүлэх, Бельгийн Конгог тусгаар тогтнуулах шилжилтийн төлөвлөгөөгөө танилцуулсан аж.
Колони улсад 1957 оны арванхоёрдугаар сард орон нутгийн сонгууль явуулах, улс төрийн намууд байгуулахыг зөвшөөрчээ. Олон арван нам байгуулагдсанаас Жозеф Касавубу тэргүүтэй, уугуул үндэстэн бүс нутгуудад түшиглэсэн Баконго түмний эвсэл, Патрис Лумумба тэргүүтэй, зүүний төвч үзэлтнүүдийн Конгогийн үндэсний хөдөлгөөн хамгийн том хүчин болов.
Эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр 1959 оны нэгдүгээр сарын 4-нд Баконго түмний эвслээс Леопольдвильд зохион байгуулсан цуглаан олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирчээ. Цуглаанд 35 мянга орчим хүн оролцсон аж. Эмх замбараагүй байдлын үеэр цуглаанд оролцогчид цагдаагийнхан, цагаан арьстан иргэдийн автомашин руу чулуу шидэж, дэлгүүр тонож, католик шашны сүмүүдийг галдан шатааж, лам нарыг зодсон гэнэ. “Одоо тусгаар тогтноё” гэсэн уриа хашхирсан, үймсэн хүмүүсийн эсрэг цагдаагийнхан хуягт тээвэрлэгч ашигласнаар албан ёсны мэдээгээр 49, албан бус мэдээгээр 500 орчим иргэн амьсгал хураажээ. Мөн хэдэн зуун хүн шархадсан байна. 300 орчим хүн баривчлагдсаны дунд Жозеф Касавубу байв. Тэрбээр шоронд хоёр сарыг өнгөрүүлжээ. Леопольдвильд болсон үйл явдлын дараа Баконго түмний эвслийн гишүүд Конгог нэн даруй тусгаар тогтнуулахыг шаардсан захидлыг Бельгийн Засгийн газарт илгээжээ. Эл захидлын хуулбарыг ЗСБНХУ-ын ГХЯ-нд илгээсэн аж. Үүнд “Нотолгоо болгон хуулбарыг илгээлээ. Эрхэмсэг дээд Хрущёвоос 1959 оны нэгдүгээр сарын 19-ний дотор бидэнд цэргийн тусламж үзүүлэхийг хүсэж байна” гэжээ. Гэвч Зөвлөлтийн ГХЯ захидлын хариу илгээгээгүй аж.
Нутгийн иргэд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, амьжиргааны доод түвшин, ажилгүйдэл, Франц улс хөрш Конгод өөртөө засаглах эрх олгосон нь дээрх хэрэг явдал өрнөх шалтгаан болсон гэсэн дүгнэлтийг мөрдөн шалгасан Бельгийн парламентын комисс хийжээ.
Бельги, Конгогийн улстөрчид Брюссельд 1960 оны нэгдүгээр сард хэлэлцээ хийхдээ Конгог тусгаар тогтнуулахаар зөвшилцсөн байна. Ингээд тавдугаар сарын 22-нд бүх нийтийн сонгууль явуулж, Конгогийн үндэсний хөдөлгөөн ялж, удирдагч Патрис Лумумба нь Ерөнхий сайд, Баконго түмний эвслийн тэргүүн Жозеф Касавубу улсынхаа анхны Ерөнхийлөгч нь болов.
ЛУМУМБАГИЙН ЗУН
1959 оны дөрөвдүгээр сард Патрис Лумумба Гвиней улсын нийслэл Конакрид Африкийн ард түмнүүдийн хурлын байнгын хорооны уулзалтад оролцжээ. Үүнд Гвиней дэх ЗСБНХУ-ын Элчин сайд Павел Герасимов оролцов. Түүнтэй Лумумба уулзахдаа төрийн эрхэд гармагцаа дипломат харилцаа тогтоохоор амлаж, Зөвлөлтийн эсрэг суртал ухуулгатай тэмцэхийн тулд намд нь ЗХУ-аас тусламж үзүүлж болохыг мэдэгдсэн гэнэ. Тус улсад айлчлах хүсэлтээ ч Лумумба илэрхийлжээ.
Конго улс тусгаар тогтномогцоо улс төрийн хурц хямралд автав. Долдугаар сарын 5-нд Тистил хотын цагдаагийнхан, тухайлбал цагаан арьстан офицерууд албан тушаалдаа хэвээр үлдсэнийг бага тушаалтнууд эсэргүүцэн боссон нь улс орныг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн болсон аж. Лумумба Цагдаагийн газрын даргыг огцруулж, тус газрыг үндэсний арми болгон, өнгөт арьстан бүх цэргийн цолыг нэмсэн хэдий ч улс орныг нь хамарсан эмх замбараагүй байдал улам хурцадсан байна. Цагаан арьстнуудыг зодож, дээрэмдэж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлжээ.
Бельги улс эх орон нэгтнүүдээ хамгаалахаар цэрэг илгээж, иргэдээ нүүлгэн шилжүүлэхийн сацуу босогчидтой тулалдахад хүрчээ.
ДОТООД ХАГАРАЛ
Зургадугаар сарын 11-нд Катангагийн омгуудын нэгдлийн холбооны тэргүүн, Катанга мужийн Засгийн газрын тэргүүн, Конго улсын хамгийн чинээлэг оршин суугчийн хүү Моиз Чомбе тусгаар улс байгуулснаа зарлав. Наймдугаар сард нь Уул уурхайн Өмнөд Касаи Улс өөрийгөө зарлан тунхаглажээ. Тийнхүү зэс, кобальтаар баян Катанга, алмаазны Өмнөд Касаи тусгаар улс болсноор Конго экспортын орлогынхоо гол хэсгийг алдсан байна.
Салан тусгаарлах явдалтай тэмцэхийн тулд Патрис Лумумба Бельгийн түрэмгийллийн эсрэг тусламж үзүүлэхийг НҮБ-аас хүсжээ. Долдугаар сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Конгогоос Бельгийн цэргийг гаргаж, тэдний оронд энхийг сахиулагчдыг салан тусгаарлагчидтай тэмцэх бус, энх тайвныг дэмжин сахиулах үүрэгтэйгээр оруулах тогтоол баталсан аж. Лумумба тусламж хүссэний хариуд ЗХУ-ын цэргийн зөвлөхүүд Конгод очиж, зэвсэг, техник, цэргийн тээврийн хүчний нисэх онгоцнууд нийлүүлжээ.
АНУ болон Өрнөдийн орнуудын хувьд Конгогийн Ерөнхий сайд нь коммунист нэгэн байв. Тагнуулын төв газрын дарга Аллен Даллес нь П.Лумумбаг хоёр дахь Фидель Кастро хэмээгээд, Өмнөд Касаид энгийн 3000 иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Тэд нь омог хоорондын мөргөлдөөнд оролцсон үндэсний армийнхны гарт амиа алдсан аж. Арми нь Зөвлөлтийн нисэх онгоц, ачааны машин, зэвсэг ашигласан гэдэг.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Жозеф Касавубу нь есдүгээр сарын 5-нд Ерөнхий сайдаа огцруулжээ. Эл шийдвэрийг парламент нь дэмжээгүй. Үүний хариуд Ж.Касавубуг төрийн эрхээс унагахыг Лумумба оролдсон байна. Үндсэн хуулийн хямралыг армийн штабын дарга Жозеф-Дезире Мобуту шийджээ. Тэрбээр есдүгээр сарын 24-нд радиогоор тайван хувьсгал хийснээ зарлаж, төрийн эрхээс Лумумбуг ч, Касавубуг ч огцруулж, Генерал комиссаруудын коллегийг түр Засгийн газрын тэргүүнээр томилсон байна.
Патрис Лумумбаг баривчлах гэснийг НҮБ-ын цэргүүд болиулжээ. Түүнээс олдсон баримт бичгээс Конго руу Зөвлөлтийн цэргийнхнийг оруулах гэж байсан тухай, есдүгээр сарын 16-ны огноотой хуурамч материал олдсон аж. Үүнээс тав хоногийн дараа Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүд тус улсаас гарсан гэнэ.
1961 оны нэгдүгээр сарын 17-нд Патрис Лумумбаг Катангад хүргэж, тэнд эрүүдэн шүүсний дараа буудан хороожээ. Бельгийн хөлсний этгээд Жюльен Гат буудан хороох шийдвэрийг гаргасан байна. Конгогийн анхны Ерөнхий сайдын цогцсыг мөчлөөд, давсны хүчилд уусган устгасан байжээ. Эл хэргийн дараа ЗСБНХУ-ын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дага Хаммаршельдийг албан тушаалаас нь нэн даруй огцруулахыг шаардав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай ЗХУ-ын хийсэн мөргөлдөөн аяндаа шийдэгдэж, 1961 оны есдүгээр сарын 18-нд Хаммаршельд Умард Родезид нисэх онгоцны ослоор амиа алджээ.
ТӨРИЙН ХОЁР ДАХЬ ЭРГЭЛТ
1963 онд НҮБ-ын энхийг сахиулагчид Катанга мужийг эзэлж, Моиз Чомбе хилийн чанад руу зугтав. 1964 оны дөрөвдүгээр сард Конгогийн зүүн нутагт, тус улсын 21 мужийн долоогоос бүрдсэн Ардын Бүгд Найрамдах Конго Улс бий болжээ. Үүнийг хилийн чанадаас ирээд, шинэ Ерөнхий сайд болсон Моиз Чомбегийн хөлсний цэргийнхэн дарсан аж. Тусгаар тогтнол зарлахаас эхэлсэн Конгогийн хямрал 1965 онд дууссан байна. Эл мөргөлдөөнд 100 мянга орчим хүн амь эрсэджээ. Мөн онд болсон парламентын сонгуулийн дараа 1960-аад оны байдал давтагдав. Чомбе, Касавубу хоёул эрх мэдлийн төлөө тэмцэж, байдлыг мөн л Жозеф-Дезире Мобуту зохицуулжээ. Ээлжит төрийн эргэлт хийх замаар тэрбээр хоёуланг огцруулж, Засгийн газрыг нь тараасан аж. Энэ удаад тэрбээр түр Засгийн газар байгуулалгүй, өөрөө улс орноо 32 жил удирдсан байна.
1967 оны тавдугаар сарын 20-нд Хувьсгалын ардын хөдөлгөөн гэдэг улс төрийн шинэ нам байгуулагджээ. 1970 онд Үндсэн хуулиа өөрчилснөөр тус улсын эрх баригч, улс төрийн цорын ганц хүчин болов. Тус намыг үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч Жозеф-Дезире Мобутуг 1966 онд “Үндэстний хоёр дахь баатар”-аар зарлажээ. Тэрбээр улсынхаа Үйлдвэрчний эвлэлүүдийг нэгтгэж, төр, парламентын хяналтыг гартаа авч, мужуудын тоог цөөлж, өөртөө засах эрхийг нь хязгаарласан гэнэ. 1971 онд улсынхаа нэрийг Заир болгон өөрчилж, европ нэртэй иргэддээ нэрээ солихыг тушаасан байна. Нэрээ Мобуту Сесе Секо Нкуку Нгбенду ва за Банга болгож, өөрийгөө зэрэг цол, одон медалиар шагнаж, тансаг амьдралтай нэгэн болж, дэлгүүр хэсэхээр Парисыг байнга зорихдоо Конкорд хөлсөлж, үүнийг буулгах зурвас хүртэл байгуулжээ.
1996 оны арваннэгдүгээр сард Конгогийн анхны дайн эхэлж, Лоран-Дезире Кабила тэргүүтэй Конгог чөлөөх ардчилсан хүчнүүдийн эвслийн арми Киншасад орсон байна. Мобуту Того улс руу зугтаж, тэндээсээ Мароккод очиж, 1997 оны есдүгээр сарын 7-нд амьсгал хураасан гэнэ. Кабила дарангуйлагчийг түлхэн унагасныхаа дараа улсаа Заир бус, Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улс (АБНКУ) болгон, хуучин нэрийг сэргээжээ.
Конгогийн хоёр дайнд цэрэг хүүхдүүд оролцож, Кабилаг төрийн эрхэд гарах үед насанд хүрээгүй 10 мянган дайчинтай болсон аж. 2003 он хүртэл үргэлжилсэн Конгогийн хоёр дахь дайнд Ливиэс ӨАБНУ хүртэл есөн улс, 20 гаруй бүлэглэл оролцож, өвчин, өлсгөлөнгийн улмаас 5.4 сая хүн хорвоог орхижээ. Үүнийг дэлхийн II дайнаас хойших цэргийн хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөнд тооцдог байна. Энэ үед хоёр сая гаруй хүн дүрвэгч болж, 500 мянга орчим эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
2001 онд АБНКУ-ын Ерөнхийлөгч Лоран-Дезире Кабилагийн аминд бие хамгаалагч нь халдсан аж. Эл хэрэгт 135 хүн, тэдний дотор дөрвөн хүүхэд холбогдсоноос 26 нь ял шийтгүүлсэн байна. Түүний хүү 29 настай Жозеф Кабила 2001 оны нэгдүгээр сарын 17-нд улсынхаа Ерөнхийлөгч, зэвсэг хүчний Жанжин штабын дарга болжээ. Нас залуу ч 2002 онд Конгогийн хоёр дахь дайныг төгсгөж, 2004 онд цэргийн хоёр ч эргэлтийг амжилттай давсан байна.