Говь-Алтай аймгийн Төгрөг сумд 15 настай хүү тарваган тахлын халдварын улмаас уржигдар нас барсан. Түүний ойрын хавьтал болох 15 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж буй. Одоогоор тэднээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна. ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Тарваган тахлын халдвар уушгины хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд дамждаг бөгөөд аминд эрсдэлтэй. Сүүлийн гурван жилд тарваган тахлаар өвчилсөн хүмүүсийн олонх нь нас барсан. Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймагт тарваган тахлын идэвхжил өндөр байна. Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэний гурав нь батлагдлаа. Үүний хоёр нь Ховд аймгийн Цэцэг болон Жаргалант сумд гарсан. Тарвага агнахыг Монгол Улсын хэмжээнд хориглосон. Иргэд баяр наадмын өдрүүдэд орон нутагт аялахдаа хууль бус ан хийх, худалдаалах, тээвэрлэх зөрчил гаргалаа. Нэг тохиолдлыг илрүүлэх, эмчлэхэд 100 сая хүртэл төгрөг зарцуулдаг” гэв. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өчигдөр илэрчээ. Тарваганы мах идсэн 16 настай хүүхэд өндөр халуурч, ханиалгасан тул сумын эмнэлэгт нь тусгаарласан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.