Үндэсний их баяр наадмын өдрүүдэд их хэмжээний аадар бороо орсны улмаас орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрч, гүүр, далан нурсан байна. Тухайлбал, Увс аймагт энэ сарын 14-ний орой аадар бороо орсны улмаас Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх километрт байрлах Шургадагийн сайрын 54 метр урт төмөр бетон гүүр, 32 дахь км-т байрлах Бага түргэний 186 метр урт төмөр бетон гүүрийн далан үерт урсаж, дамжих хавтан нь нуржээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн төвийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Мөн Түргэн, Сагил, Давст, Бөхмөрөн сумын иргэдийг Улаангом руу зорчихгүй байхыг анхааруулсан аж. Аймгийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар болон “Увс-АЗЗА” ТӨХК-ийн алба хаагч, ажилчид эвдэрсэн замыг засаж байгаа гэнэ.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгал чиглэлийн хатуу хучилттай авто замын 3-9 дэх км-ийн зорчих хэсэг үерт автсан байна. Уг авто замын гурав дахь км-т байрлах ус зайлуулах хос төмөр бетон хоолой тасарчээ. Мөрөн-Улиастай чиглэлийн авто зам үерт автаж, 30 метр орчим далан сэтэрсэн аж. Эвдэрсэн замыг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийнхан засаж, дөрвөн метр өргөн, гурван метр өндөр, 50 метр урт шороон далан шинээр байгуулжээ. Мөн үерийн 70 метр урт шуудуу татсан байна. Эвдэрсэн замын хажуугаар түр зам гаргасан тул хөдөлгөөн саадгүй үргэлжилж байгаа гэнэ. Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-337 дахь км-ийн зорчих хэсэг усанд автан, хөвөө, далан нь эвдэрчээ.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг