Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрснийг бид өмнөх өдрийн дугаартаа нийтэлсэн. Эрүүл мэндийн яамнаас өчигдөр “15 настай хүүхэд тарваган тахлын шинж тэмдэгтэй тусгаарлагдсан хүүгийн биеийн байдал нь харьцангуй сайжирч, халуун нь буурсныг орон нутгаас мэдээлсэн” хэмээв. Уг өвчний сэжигтэй хүүхдийн нэгдүгээр хавьтлын буюу түүнтэй харилцсан, уулзсан 34 хүнийг тусгаарлан, бүрэн хяналтад авсан гэнэ. Түүнчлэн хүүгээс сорьц авч, өчигдөр 22.00 цагийн үед Улаанбаатарт авчирсан юм. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. “Манай улсад саяхан тарваган тахал гарлаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-д ч эл өвчин илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д тарвага агнахыг хориглосон арга хэмжээг өчигдрөөс (уржигдар) хэрэгжүүлж эхэлжээ. Хөрш улс ингэж арга хэмжээ авч байхад иргэд та бүхэн ч анхаарал болгоомжтой байж, тарвага хууль бусаар агнаж, идэхгүй байхыг сэрэмжлүүлье” гэж Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Бэлтгэсэн: М.Оч