Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь “Шамбала 2056” төслийн талбайд “Case arte” компани энэ сарын 17-19-нд “Ногоон наадам” зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Судалгаанаас үзэхэд Монгол орны газар нутгийн 70 орчим хувийг цөлжих магадлалтай бүс нутаг эзэлдэг бөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ сум үүнд багтдаг байна. Иймд наадмын оролцогчид тус талбайд мод тарьж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч хэрэглэх аж.
Мөн спортын таван төрлөөр тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 200 орчим хүн оролцох гэнэ. Түүнчлэн “Шамбала 2056” төслийн бизнес хөгжүүлэлт хариуцсан захирал, “UB сomedy” клубийн үүсгэн байгуулагч Б.Батбилэгийн санаачлан хэрэгжүүлж буй “Гэр 2.0” буюу гал, ус, чийг, салхинд тэсвэртэй монгол гэрийн анхны загварыг танилцуулах аж. Үүнээс гадна “UB comedy”, “UB dub” клуб, “Молпедиа”, “AIM4R” продакшин, “The colors” хамтлаг, реппер Гинжин болон Mrs.M нарын уран бүтээлч тоглолтоо хийх юм.
Ташрамд дурдахад, “Case arte” компани “Шамбала 2056” төслийг 2056 он хүртэл хэрэгжүүлэх гэнэ. “Шамбала 2056” нь ирээдүйд инженерийн суурин болох бөгөөд төслийн баг Монгол орны экосистемийг хамгаалахаар урт хугацаанд бүтээлч шийдэл гарган ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр бий болох инженерийн суурин нь сэргээгдэх эрчим хүч, био-инженерчлэл, мэдээллийн технологи, ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд үйл ажиллагаагаа явуулах ажээ.
Бэлтгэсэн: Б.Намуун