Ховд аймагт гоц халдварт тарваган тахлаар хоёр хүн өвчилсний улмаас Жаргалант, Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 29-ний 22.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хязгаарласан. Өвчилсөн хоёр иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсээс тарваган тахал илрээгүй, мөн уг халдварын нууц үе болох зургаан хоног өнгөрсөн тул дээрх хоёр сумын замын хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. Энэ талаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй “Жаргалант сумын замын хөдөлгөөнийг өнөөдөр (өчигдөр) 12.00, Цэцэг сумынхыг 14.00 цагт нээлээ. Тарваган тахлаар өвчилсөн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр хэвээр. Тэдний нэгдүгээр хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Мөн хоёрдугаар хавьтлын хүмүүсийг түүврийн аргаар шинжлэхэд өвчин илрээгүй. Аймаг, сумын иргэдэд тарвага агнахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл тогтмол өгч байна” гэв.