2020 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, ирэх ням гарагт дуусна. Улсын хэмжээнд 30 902 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсний 27 999 нь энэ жил ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн бол 2903 нь өмнөх онуудад төгсжээ. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд авна. Тодруулбал, нэг танхимд 12 сурагч 1.5-2 метрийн зайтай байрлуулсан ширээ, сандалд суун шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 43, орон нутагт 42 гээд нийт 85 байранд зохион байгуулна.
Ирээдүйн мэргэжлээ сонгож, дэвшин суралцах “хаалгаа” нээж буй сурагчдын хувьд эл шалгалт чухал үүрэгтэй. Харамсалтай нь, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт сонгууль, наадмын хөлд дарагдан чанар, зохион байгуулалт муу өнгөрөх бололтой. Хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүд энэ жил хэрэгтэй мэдлэг, чадвараа дутуу эзэмшсэн гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Зарим нь сонгууль, наадмаа “нижгэр” хийж болоод байхад сурагчдын давтлага, элсэлтийн ерөнхий шалгалтыг ном журмынх нь дагуу зохион байгуулах хэрэгтэй байсан гэж үзэж буй.
Бүх шатны сургууль, тэдний сургалтын арга барилын талаар залуус ам муутай байгаа. “Монгол бол залуучуудынхаа үзэл бодлыг сонсдоггүй, тэднийг үл хүндэлдэг цорын ганц улс. Их, дээд сургуулиа төгсөж буй залуус нь ромбо, дипломоо сургуулийнхаа жижүүрт хөөгдөн байж авна. Төгсөх курсийн оюутнууд хамгийн сүүлд мэргэжлийн зарим хичээл үзэж дуусдаг. Өөрөөр хэлбэл, нэг ангид 20-50 оюутан суралцана гэсэн үг. Тиймээс оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн XII ангийнхан танхимын сургалтаар хичээллэх боломжтой байсан нь өнгөрсөн сонгуулиас харагдав. Бөөгнөрөх, нэг танхимд олноор цугларахыг хориглосон хэрнээ сонгуулийн үеэр энэ дэглэмээ зөрчсөнийг бүгд мэдэж байгаа. Мэргэжлээ сонгож, элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчид хорио цээрийн дэглэмийн үед хамгийн их хохирлоо.
Тэд танхимын сургалтад хамрагдаж чадаагүй, багш нар нь цалин авахгүй юм чинь гээд нэмэлт давтлага өгөөгүй. Сүүлийн жилүүдэд сурагчдын сурлагын чанар муудаж, дүн нь буурах болсон. Харин энэ жилийн төгсөгчид бүр ч муу байх нь ойлгомжтой. Их, дээд сургуулиуд нь ашгаа бодож, босго оноогоо бууруулсан нь ч үүнийг батлах биз. Уг нь төгсөх ангийн сурагчдын хичээлийг танхимаар орсон бол сайн сан. Сонгууль, наадамд хэдэн тэрбумаар нь “цацсан” мөнгөө хойч үеийнхээ боловсролд зарцуулах хэрэгтэй байсан юм” гэж нэгэн залуу өөрийн нүүр номдоо сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний хэлсэн үнэний ортой. Элсэлтийн ерөнхий шалгалт авах түр журмыг УОК-оос өнгөрсөн мягмар гарагт баталсан. Эл журамд “Шалгуулагчдыг оруулж эхлэхээс өмнө шалгалтын анги танхимд халдваргүйжүүлэх уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулна” гэж заажээ. Гэвч өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт авч эхэлж буй 85 байрны 73 хувьд нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийгээгүй байна. Шалтгааныг нь сургуулийн захиргааныхан хөрөнгө, мөнгө байхгүйтэй холбон тайлбарласан аж. Сонгуулийг ихэвчлэн их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн байранд зохион байгуулдаг. Энэ үед төрөөс ариутгал халдваргүйтгэлийг ном журмынх нь дагуу хийсэн. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр сурагчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавихгүй байгаа нь харамсалтай. Үүнээс гадна дээрх байрын 57.3 хувь нь хяналтын камергүй, зарим нь тусгаарлах өрөөгүй талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн өчигдөр мэдээлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зөрчил үүгээр дуусахгүй. Ихэнх зөрчил нийслэлийн шалгалт авах байранд гарч буй гэнэ. Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа цогцолборын шалгалт авах байр гэрлийн тусгал муу, агааржуулалт байхгүй зэрэг зөрчилтэй байжээ. Мөн шалгалт авах ихэнх байрын ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй аж. Энэ мэтчилэн нэлээд зөрчил байгааг МХЕГ-ынхан тогтоож, Боловсролын үнэлгээний төв (БҮТ), БСШУСЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхээс нэг хоногийн өмнө ийм үр дүн байгааг мэдээлнэ гэдэг чамламаар. Дэлхий нийтийг цочроож буй цар тахлаас урьдчилан сэргийлж, хяналт, шалгалтаа тогтмол, хурдан шуурхай хийх ёстой. Сурагчдын эрүүл мэндэд анхаарч ганцхан хоногийн дотор дээрх зөрчлүүдийг арилгана гэж байхгүй. Төр, холбогдох албаныхан ЭЕШ-д хуумгай, хөнгөн хандаж буй нь үүнээс харагдах биз.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн нийт зардлыг одоогоор хараахан гаргаагүй. 2016 оны сонгуульд нам, эвслүүд 8.4, нэр дэвшигчид 26, нийт 34.4 тэрбум төгрөг зарцуулсан. Харин 2012 онд 11 нам, хоёр эвслийнхэн нийт 37.5 тэрбум төгрөг “цацсан” гэдэг. Сонгуульд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг нь үүнээс харагдана. Харин Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалд сонгуульд үрдгээсээ хэд дахин багыг зарцуулж чадахгүй байгаа төр эмгэнэлтэй. Өнгөрсөн жилийн баяр наадмыг улсын төсвийн гурван тэрбум төгрөгөөр тэмдэглэсэн. Дэлхий нийтээр цар тахал дэгдэж, монголчууд хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед ч мөн л өнгөрсөн оныхтой ижил төсвөөр тэмдэглэхээр шийдвэрлээд буй. Баяр наадам, сонгуульд зарцуулдагтай адил элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад төрөөс дэмжлэг үзүүлдэггүй нь харамсалтай. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад “Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад төрөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргасан талаарх мэдээллийг БҮТ-ийнхөн хариуцдаг. Манай яам үүрэг, чиглэл өгдөг байгууллага” гэв. Харин БҮТ-ийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай холбогдоход “Хариуцсан мэргэжилтэн нь алга. Өөртэй нь холбогдохоос нааш мэдээлэл өгөх хүн байхгүй” гэв. Хариуцсан хүн нь болох дээрх хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай холбогдож чадсангүй. Ямартай ч төгсөх ангийн сурагчдын эрүүл мэнд, аюулгүй орчин, ирээдүйг нь шийдэх элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад төрөөс хангалттай авч хэрэгжүүлж буй арга хэмжээ алга.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтад сурагчид сэтгэл дундуур байгаа аж. Говьсүмбэр аймгийн III сургуулийн 12а ангийн сурагч Б.Х “Манай аймаг ерөнхий боловсролын таван сургуультай. Бид шалгалтаа аймгийн төвийн сургуульд очиж өгнө. Өнгөрсөн хугацаанд гэрээр шалгалтдаа бэлдсэн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийнэ гэж байгаа ч хөрсөн дээр буугаагүй шийдвэр. Бид сумаас аймгийн төв рүү микро автобус, эсвэл суудлын автомашинаар явна. Энэ үед бөөгнөрөл үүсэж, хүмүүс 1.5-2 метрийн зайтай явж чадахгүй. Тиймээс шалгалт өгөхдөө хол зайтай суулаа гээд үр дүнд хүрэхгүй. Сурагчдыг зөөвөрлөх автобус, эсвэл цөөхүүлээ зорчих боломжийг төрөөс бүрдүүлэх хэрэгтэй байсан юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа сургуулийн хуваарийг хүлээн дараалал үүснэ. Бүх их, дээд сургуулийн бүртгэл цахимаар явагдана гэж байгаа ч орон нутагт энэ нь хэрэгждэггүй. МУИС, Дотоод хэргийн их сургуулийн хуваарь орон нутагт ирдэггүй учир цахимаар явагдана. Харин бусад сургуулийнх нь хуваарь хөдөө ирдэг тул дараалал үүсгэж, хуваариа сонгохоос өөр аргагүй. Үүнээс гадна бидний ирээдүйд сөргөөр нөлөөлж буй олон зүйл байгаа. Би ДХИС-д элсэж орохоор хоёр жил бэлдсэн. Харамсалтай нь, тус сургууль энэ жил хоёр л ангидаа эмэгтэй оюутан элсүүлж байгаа гэсэн. Эл хоёр ангид нь миний хүссэн мэргэжил багтаагүй. Сурагчдын чансаа муу, хорио цээрийн дэглэм тогтоосон учир хээрийн дадлагад гаргах боломжгүй гээд эмэгтэй элсэгч авахгүй гэсэн. Хэрэв сонгууль шиг бөөгнөрөл үүсгэж, олноор цугларч болох бол төгсөх ангийн сурагчдыг танхимын хичээлд хамруулах байсан юм. Ядаж л энэ жилийн төгсөгчдийн чанар муу гэж дүгнүүлэхгүй, хүссэн мэргэжлээ сонгох байлаа” гэв.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн 12а ангийн сурагч Б.Н “Хоёр хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр төлөвлөсөн. Бэлтгэл муу учир хүссэн их, дээд сургуульдаа, дуртай мэргэжлээрээ элсэж орно гэдэг амаргүй. Ер нь бүх л зүйл мэдээлэл дутмаг байгаа учир “айдастай” байна. Шалгалтын хариуг тоолох зориулалтын машин улсын хэмжээнд хүрэлцээгүй гэж сонссон. Тиймээс цөөхөн хүн өгсөн шалгалтын материалыг гараар тоолно гэж багш хэлсэн. Тэгж тоолохдоо алдаа гаргах вий, ямар нэгэн байдлаар дүнг минь бууруулж, авах ёстой байсан хуваарийг маань өөр хүн сонгочих вий гэж боддог. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаа, бидний зүгээс юунд анхаарах талаар нэгдсэн мэдээлэл өгөөгүй” гэлээ.
Сонгууль, наадмын сүрд дарагдсан бэлтгэл ажил, чанар муу элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд их, дээд сургуулиуд чанартай элсэгчид авч чадахгүй л болов уу.