Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаар наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэн, шийдвэрлэв. Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-нд улсынхтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Орон нутгийн наадмыг нээлттэй зохион байгуулж, олон нийт үзэж болохыг уг хуралдаанаар зөвшөөрлөө. Үүний дагуу дээрх хорооноос наадмын үеэр “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга, удирдлагад үүрэг болгов.
Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулж, олон нийтэд теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлджээ. Тодруулбал, үүний дэд бүтцийн ажлыг хийж дуусгасан аж. Мөн өргөн нэвтрүүлгийн 16 телевиз болон МҮОНРТ үндэсний бөх, сур, шагайн харваа, зургаан насны морины уралдааныг нэвтрүүлэх гэнэ. Түүнчлэн бусад хэвлэл, мэдээллийн байгууллага тэдгээр үйл ажиллагаанаас сурвалжилга, мэдээлэл бэлтгэх боломжтой юм байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг дүрсжүүлэн, “Монгол наадам” нэртэй контент бүтээж, олон улсад түгээн сурталчлах аж. Тодруулбал, Их Монгол Улсын үеийн монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй амьдралыг таниулах зорилготойгоор наадмаа зохион байгуулахаар бэлджээ.
Бэлтгэсэн: Б.Нандин