Близ:
1988 оны тавдугаар сарын 30- нд Бразилд төрсөн. Өндөр 173 см. Жин 61 кг. 2008 онд мэргэжлийн анхны тулаанд оролцож, А.Мариад ялагдсан. Нийт 24 тулалдсанаас 20 ялсан.
UFC холбооны хоёр жингийн аварга цол эзэмшигч анхны эмэгтэй. Аваргын хоёр бүсийг эзэмших хугацаандаа цолоо хамгаалсан UFC-ийн түүхэн дэх цорын ганц тулаанч. 2020 оны зургадугаар сарын байдлаар UFC холбооны эмэгтэй тамирчдын чансааг тэргүүлж байна.
Холимог тулааны тамирчин Нина Ансароффтой гэрлэсэн.
Энэ сарын эхээр болсон UFC250 тэмцээний үеэр Аманда Нуньес Фелициа Спенсерийг буулгаж авснаар холимог тулааны түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй тамирчин гэдгээ нотлов. Энэ нь хангалттай тодорхойлолт биш ч байж мэднэ. Учир нь А.Нуньес зөвхөн эмэгтэй тулаанчдын төдийгүй эл спортын түүхэн дэх шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор ордог юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй бүх тулаанчийг авч үзвэл тэрбээр дээгүүр бичигдэх нэгэн. Магадгүй А.Нуньес түүхэн дэх хамгийн шилдэг нэг тулаанч ч байх. Энэ нь тун өндөр босго, шалгуур мэт санагдаж болох ч тэрбээр ямар ч тохиолдолд түүхэн дэх эхний таван тулаанчийн нэг гэдэг нь гарцаагүй.
Холимог тулааныг олон жилийн турш үзсэн спорт сонирхогчдын хувьд номер нэг тулаанч хэн бэ гэдэг маргаан ихэнхдээ Жон Жонс болон Жорж Сен-Пьерт төвлөрдөг. Хэрэв та жиндээ давамгай байсныг гол шалгуур болгож байгаа бол Ж.Жонсийг сонго. Сэргээшийн шалгалтад хоёр удаа бүдэрснийг нь буруу гэж үзэж байгаа бол Ж.Сен-Пьер мөн. Харин энэ хоёрын араас хэн хэн бичигдэх боломжтой вэ?
Андерсон Силва, Деметриус Жонсон, Федор Емельяненко гурвыг дурдаж болох юм. Үнэхээр шилдэг тав. Гэвч тэдэн дунд хэн нэгэн гарцаагүй дутагдаж байгаа биз. Тэр нь А.Нуньес байх бүрэн боломжтой. Яагаад гэвэл тэрбээр хоёр өөр жинд аварга цолоо амжилттай хамгаалсан түүхэн дэх гурван тулаанчийн нэг юм.
Хачирхалтай нь, фэнүүд, хэвлэлийнхний дунд агуу тулаанчдын ярианд эмэгтэйчүүдийг оруулалгүй орхигдуулах явдал гарсаар.
Тэр ч бүү хэл UFC холбооны ерөнхийлөгч Д.Уайт 2011 онд өөрийнх нь байгуулсан холбоонд эмэгтэйчүүд хэзээ ч тулалдахгүй гэж байсан. Төдөлгүй тэрбээр Ронда Роузитай уулзсан. Бүсгүй тэр даруй холбооны анхны эмэгтэй супер тулаанч болсон. Тэр цагаас хойш эмэгтэй тулаанчдыг өөрөөр харах болсон нь үнэн юм. Гэвч тэднийг хэзээ ч эрчүүдтэй эн тэнцүү авч үзэж, ур чадварт нь дүгнэлт хийж байсангүй. Эмэгтэй тулаанчдыг ихэнхдээ тэмцээний “хачир” гэж үзэх явдал байсаар ирэв.
Эл үзлийг өөрийн ган нударгаар өөрчилж байгаа тулаанч бол А.Нуньес. Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард домогт Р.Роузийг 48 секундын дотор буулгаж авснаар эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүнд залрах эрхээ баттай олсон юм. Хоёр жилийн дараа харин агуу тулаанчдын жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэгдэж байсан Крис Сайборгийг хялбархан ялсан. Тодруулбал, тэдний тулаан 51 секунд л үргэлжлэв. Энэ хоёр түүхэн ялалт нь А.Нуньесийг маш олон шилдэг эрэгтэй тулаанчийн дээр бичигдэх эрхтэй болгов. Үүнээс гадна Амандаг бусад эмэгтэй тулаанчаас ялгаруулах өөр нэг амжилт бий. UFC холбооны эмэгтэйчүүдийн хөнгөн жинд ердөө дөрвөн аварга тодорсон юм. Эхний гурав нь Р.Роузи, Х.Холм, М.Тэйт бөгөөд А.Нуньес бүгдийг нь илт давуу буюу эхний үед илүүрхсэн.
Харин UFC холбооны өдөн жинг 2017 онд бий болгосноос хойш гурван аварга төрснөөс К.Сайборг, Ж.де Рандамийг мөн л А.Нуньес ялж, аварга болсон. Ийнхүү тэрбээр хоёр жинд ноёрхлоо тогтоов. Үүнээс гадна ялаа жингийн аварга В.Шевченког хоёр ч удаа ялсан. Киргизстан тулаанчийн хувьд сүүлийн 12 жилийн хугацаанд хүлээсэн хоёр ялагдал нь энэ.
А.Нуньесийн эдгээр амжилтыг шилдэг бусад эрэгтэй тулаанчийнхтай харьцуулж үзээрэй. Тиймээс сүүлийн таван жилд 11 дараалж ялаад буй Аманда яах аргагүй холимог тулааны спортын түүхэн дэх шилдэг тамирчдын тоонд дээгүүр бичигдэнэ.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар