Сүүлийн үед нам, эвслийн ухуулагч нар айл хэсч сонгуулийн сурталчилгаа хийхдээ сонгуульд санал өгөх журмын талаар буруу ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж байгаа сурагтай.
Тодруулбал, иргэд, сонгогчдыг мэдээлэл багатайгаар нь далимдуулж "Багаар нь буюу нэг намын хүмүүсийг хамтад нь дэмжээрэй, тэгэхгүй бол таны санал хүчингүй болно" хэмээн ухуулж яваа юм гэнэ. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд сонгогч таны саналыг хууль бус аргаар авах гэсэн тархи угаалт гэдгийг анхаараарай. Сонгогч та Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэл зорилгод нийцсэн ямар ч хүнд санал өгөх эрхтэй.
Гэхдээ энэ нь тойрогт ногдсон мандатыг гүйцээхгүй дугуйлах эрхтэй гэсэн үг биш юм. Сонгуулийн тухай хуулийн 72.1-т "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно" хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, сонгогч та тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зөвхөн нэгийг бус мандатын тооноос хамаарч 2-3 хүнд саналаа өгөх шаардлагатай.
Жишээ нь, та гурван мандаттай тойргийн оршин суугч бол нэгдүгээр намын нэг, хоёрдугаар намын нэг, бие даагчдаас нэгийг дугуйлах боломжтой гэсэн үг. Эсвэл багаар нь дугуйлах эсэх нь таны сонголт. Тойргийн сонгогчдоос хамгийн олон санал авсан нэр дэвшигчид УИХ-д сонгогдоно.
Тиймээс сонгогч та хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй. Таны сонголт бидний ирээдүй, улс орны хувь заяаг тодорхойлно гэдгийг санаж, хариуцлагатай сонголт хийгээрэй хэмээн уриалж байна.