Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, мэдээллийн сайтуудын ассоциацын тэргүүнээр ажиллаж байгаад 2018 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Оюунгэрэл УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Эрдэнэт хотод нэр дэвшиж буй. Саяхан МАН-ын танхимын гаднаас мандат шүүрсэн түүнийг яаж яваад гэнэт улс төрч болчхов гэж гайхах хүн олон. Оюунгэрэлийн хувьд УИХ-ын гишүүн болоход нь бэлдсэн гэх зүйл хоёрхон жил хашсан уг албан тушаал болон хүйснээс нь өөр байсансан уу гэдэг асуултад байгаа гэж хариулах хүн цөөхөн. Тэгвэл тэр холбооныхоо ерөнхийлөгчийн ажлыг хийж чадсан уу?
Эмэгтэйчүүдийн холбоо гэх нэрийг сонссон хүмүүс зорилгыг нь эмэгтэй хүнийг, эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдээс илүү болгож дөвийлгөх, давуу эрх эдлүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. Энд Хилари Клинтон 1995 онд БНХАУ-д болсон эмэгтэйчүүдийн чуулга уулзалт дээр “эмэгтэйчүүдийн эрх нь хүний эрх юм аа” гэж хэлсэн үгийг иш татах нь зөв биз. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл нь хүйс үл харгалзсан хүний тэгш эрхийн төлөөх л тэмцэл юм. Тиймдээ ч өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх үүрэг асар их.
Бие мах бодийн хувьд сул дороо гэж зодуулж эрхээ зөрчүүлэхгүй амьдрах, бэлгийн дарамтад өртөхгүйгээр гудамж талбайд явах гээд наад захын шаардлага бий. Саяхан хөл хорионоос болж гэр бүлийн хүчирхийлэл 60 хувь хүртэл нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримтыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн гурван сартай нялх үрээ тэврэн үсэрсэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх таамаг хүртэл явж байна. 2017 онд НҮБ-ын хийсэн судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртдөг тоо нь Азийн бусад улсуудтай харьцуулахад өндөр байсан ба гурван эмэгтэй тутмын нэг нь нөхөр эсвэл найз залуудаа зодуулж байсан аль эсвэл бэлгийн дарамтад орж байсан гэж ээ. Хамгийн аймшигтай нь монгол эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай газар буюу хамгийн их хүчирхийлэлд өртдөг газар нь гэр дараа нь олон нийтийн гудамж талбай аж. Мөн асуулгад орсон 10 эмэгтэй тутмын нэг нь 15-н нас хүрэхээсээ өмнө бэлгийн дарамтад орж байж.
Цаашлаад эмэгтэйчүүдийн холбоо хүүхэдгүй юм шиг ажил хийж, ажил хийдэггүй юм шиг хүүхэд харах тэнцвэргүй хүнд ачааг эмэгтэйчүүдэд үрүүлдэг нийгмийг ойлголттой тэмцэх ёстой. Гэтэл Оюунгэрэл “Монгол ээжийн тархиар дамжиж Монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог” гэх мэт уриа бүхий постер бэлдэж “сонгуульдаж” байгаа нь тэргүүлж байгаа холбооныхоо зорилго, утгыг одоо хүртэл ойлгоогүй байгааг харуулж байна. Түүний хөндөж болох “амь тулсан” олон арван жишээг мартаад уг постерийг яръя.
Хүүхдийг өсгөх нь зөвхөн Монгол ээжийн тархины хариуцлага биш шүү дээ. Мөн эмэгтэйчүүдийн холбоо болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн зорилго нь хэзээ ч өөрсдийгөө эрчүүдээс илүү гаргах байгаагүй. Гэтэл Оюунгэрэлийн хэлж байгаагаар бол аавууд хүүхдийн хүмүүжилд ямар ч хамаагүй аж. Энэ нь эрчүүд, аавуудын хувь нэмрийг үгүйсгэхээс гадна тэднийг хариуцлагаас “чөлөөлж” байгаа хэрэг юм. Өнөөдөр Монгол улсад 36 мянган өрх толгойлсон эхчүүд байна. Манай нийгэм аавуудын хувь нэмрийн үнэлж, хариуцлагыг нь нэмж байж л энэ тоо багасна.
Монгол ээж л хүүхдээ хүмүүжүүлдэг гэдэг энэ хариуцлагагүй ПР нь нүүрэн тал дээрээ эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юм шиг хэрнэ тэдэнд дааж давашгүй тэгш бус ачааг үрүүлж, нөгөөтэйгүүр эрчүүдийн хувь нэмрийг үгүйсгэж байгаа юм аа. Энэ ташрамд хэлэхэд статистикийн хороо өрх толгойлсон аавуудын тоог гаргадаггүй учир өдгөө хэдэн аав өөрийн оюун ухаанаар Монголын ирээдүйг хүмүүжүүлж байгааг хэлэх боломжгүй ээ.
Өөр хэн нэгэн ийм зүйл хэлсэн бол ингэж дүн шинжилгээ хийхгүй байсан. 96 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг зөвхөн хувийн улс төрийн зорилгодоо ашиглаж байгаа нь Оюунгэрэлийн араас гарч ирэх мянга мянга чадварлаг эмэгтэйчүүдийн заамыг хааж байгаа учраас энэ нийтлэлийг бичиж байгаа юм. “Монгол ээжийн тархиар дамжиж Монгол хүүхэд гэр бүлийн хүмүүжил олдог” гэдэг үг удирдаж байгаа холбооныхоо үүрэг, амьдарч байгаа нийгмийнхээ асуудлыг ойлгож байгаа хүний үг мөн үү. Энэ бол зүгээр л “ар гэрийн уур амьсгал эхнэр хүнээс шалтгаална” гэдэг шиг хэн нэгнийг нь магтаж байгаа юм шиг хэрнэ хариуцлагаар дарж нөгөө хэсгийг нь тархигүй “амьтад” болгодог нийгэмд таалагдах гэсэн явцуу хэлбэр хөөсөн улс төржилт.
Нийгмийн харилцаа, улс төрд хэн нэгэн эмэгтэй гэдгээсээ болж гадуурхагдаж болохгүйтэй адил зөвхөн эмэгтэй гэдгээрээ түрий барин орох нь дараа дараагийн чадварлаг эмэгтэйчүүдийн замыг хааж, бүх эмэгтэйчүүд ийм гэж хэлүүлэх шалтаг болох төдий гэдгийг дахин хэлье.