Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн сарын сүүлчээр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үеэр саатуулан "461"-р хорих ангид таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “…Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.
Түүнийг саатуулсан энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар СЕХ-ноос мэдэгдсэн. Мөн энэ сарын 02-нд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргаж, аав Б.Нямтайширт гардуулсан юм.
Тэгвэл Н.Номтойбаяр “416”-р хорих ангид хоригдож байгаа нь хэнд ашигтай вэ ? гэх асуулт гарч ирж байгаа юм. Эрх баригч нам хүчтэй өрсөлдөгчөө зайлуулах үүднээс гаргасан шийдвэр гэж таамаглах хүн олон. Гэхдээ хэрвээ энэ таамаг үнэн бол МАН нам тооцооллын алдаа гаргав уу эсвэл тэд эхэлсэн хэрэг ээ дуусгах шинэ арга зам олох уу гэдэг асуулт төрж байна. Учир нь Номтойбаярыг шоронгоос нэр дэвшиж буй анхны хүн болгосноор түүний сонгуулийн хамгийн том ПР-ыг хийж өглөө гэж харах ч хүмүүс байна.
Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Нямтайширын НОМТОЙБАЯРЫН сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өчигдөр эхэллээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөн хоригдож буй хүүгээ төлөөлж Н.НОМТОЙБАЯРЫН аав Бямбаагийн Нямтайшир залуучуудын хамт сонгуулийн кампанит ажлыг эхлүүлж буй гэнэ.
Н.Номтойбаярын талаар түүний ээж "Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, хууль бусаар хоригдсон ч үнэн ялж, хүү минь бидэндээ ирэх өдөр ойрхон байна. Эх хүний хувьд үхтэл үр харам гэгчээр хичнээн хэцүү өдрүүдийг өнгөрөөж буй ч монгол төрийн сонгуулийг хүндэтгэн, хүүг минь дэмжиж буй олон мянган сонгогчийг хүндлэн сонгуулийн ажлыг нь эхлүүлж байгаа бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн Нямтайширын Номтойбаяр цахим хуудаст бичжээ.
Хан-Уулын дүүргийн сонгогчдын эрхэд халдаж байна хэмээн Номтойбаярыг суллахыг шаардаж хорих 461 ангийн гадаа дэмжигч сонгогчдын төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж байсан.
Энэ бүгдээс харахад Н.Номтойбаярыг хорих нь өөрийнх нь сонгуулийн сурталчилгаа мэт. Хэрэв үгүй бол яагаад хэрэг эцэслэн шийдэгдэхгүй хойшлоод байна.