“Шарк” Амартүвшин энэ жилийн сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй. “Монгол HD” телевизийн "Шарк танк" нэвтрүүлгийн содон өнгө төрхийн нэг бол яах аргагүй тэр хүн. Банкир гэхэд албаны стильд баригддаггүй, байнга эрээн оймсоор гангарч олны анхаарал татдаг түүнийг Хас банкны ерөнхий захирал байснаар нь хүмүүс сайн мэднэ.
Дипломатч аав ээжийн буянаар багаасаа өрнөдийн соёлтой танилцсан тэрбээр дугуйн спортын сонирхогч тамирчин юм. Бүр мэргэжлийн зэрэгтэй бөгөөд хоббигоороо "Tour de France" тэмцээнд оролцож байсан ажээ. Тиймдээ ч 12 мянган еврогийн үнэ бүхий “Dogma F12” дугуйгаар гангарч явдаг байх. Гэвч дэргэдээ жирийн нэг хуучны дугуйтай гэр хорооллын жаал хүүг зогсоож пиарын зургаа даруулсан нь буруутаж, сошиалаар хэсэгтээ л “бөмбөгдүүлсэн”. Үүнийгээ тэрбээр “Туршлагагүй намайг уучлаарай. Яаж реклам хийхээ мэдээгүй явж. Зааж зөвлөөрэй” хэмээн тайлбарласан нь нэг бодлын өхөөрдөм. Нөгөө бодлын сонгуулийн сурталчилгаа эхлэх хууль ёсны өдрөөс өмнө пиараа эхлүүлснээ хүлээн зөвшөөрсөн. За тэр ч яахав, сошиал шуурганд өртсөн зүйлсийн л нэг байж.
Харин сүүлийн үед “Шарк” Амартүвшин маань сонгууль энэ тэр гээд дахиад л шуугиулж яваа сурагтай. Одоогоос гурван жилийн өмнө тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гэж анх удаа ярьсан. Энэ ярилцлага тухайн үед нэг их газар авалгүй хоцорсон юм.
Гэтэл сонгууль дөхсөнтэй зэрэгцээд мань эр өөрийгөө Б.Ринченгийн зээнцэр гээд хэвлэлээр нэг зарлаж яваа харагдана. Г.Амартүвшин үнэхээр Их номчийн зээнцэр үү? Энэ талаар сэтгүүлч У.Бямбаням өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ.
“Б.Ринчен гуайн тухай баримтат нэвтрүүлэг гарчээ. Сонгууль л юм даа. Шарк дэвшигчийн өсгөсөн өвөө нь бол Б.Ринчен мөн л байх. Мах цусных нь тасархай, элэнц эцэг гэвэл Даш Сампилоныг яримаар юм уг нь. 1926-1929 онд Германд сууж байсан Монголын Засгийн газрын Худалдааны төлөөлөгч Даш Сампилон, эхнэр Раднаа, Нямаа, Индра хэмээх хоёр охины хамт байсныг харуулсан хэд хэдэн гэрэл зураг байдаг. Индра гуайгаас Ж.Ганибал гуай төрсөн, түүний хүү Г.Амартүвшин. Амьдралын түүх нь бас л домог шиг л юм яригддаг.
Харамсалтай нь Даш Сампилон 1937 онд Зөвлөлтөд буудуулсан. Өсгөсөн өвөө Ринчен гуай ч баригдаж тавигдаж явсан л байх. Түүх гэдэг бас л хоржоонтой юм даа. Хүний амьдралыг хүртэл ийм "егөөтэй" болгох. Манай буриадууд уг удмаа хамгийн сайн мэддэг улс сан.
Photo: Герман дахь Монголын Худалдааны төлөөлөгч Даш Сампилон, эхнэр Радна Оширова, охин Нямаа, Хурлаат нар” гэжээ.
Өөрөөр хэлбэл, “Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн зээнцэр биш, тэднийд амьдарч байсан аль эсвэл өргүүлсэн хүмүүсийн үр сад болж таарах нь ээ. Б.Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр нь байдаг гэдгийг дурдах нь мөн зөв байх. Нэг талаасаа ач санан Б.Ринчен гуайг алдаршуулж байгаа гэж харж болно. Нөгөө талаасаа яагаад Их номчийг сурталчилан таниулах ажлыг сонгууль дөхөөд ирэхийн цагт л хийж эхлэв ээ гэдэг асуулт төрөх юм. Өдийг хүртэл Ринчен гуайн нэрэмжит сан ч байгаагүй. Түүнд зориулж хийсэн ганц зүйл нь “муу” хөшөө л байсан юм гэж хэлэхэд болно.
Гэтэл өчигдөрхөн “Ринчен сан” гэсэн нэртэй, дэгжин лого бүхий фэйсбүүк хуудас үүссэн харагдана. Зээнцэр хүүгийнх нь сонгуулийн кампанит ажлын хүрээнд Их номч маань өөрийн гэсэн нэг сантай болж байх шиг байна.
Дээр дурдсан гурван жилийн өмнөх ярилцлагын үеэр Г.Амартүвшин “өвөөгийнхөө нэрэмжит төрийн бус байгууллага, хэл соёл, судалгааг дэмждэг сан байгуулна” гэж ярьж байжээ. Тэр нь өнөөдөр л биеллээ олж байгаа бололтой.
Мөн хэдхэн хоногийн өмнө Их Номчийн тухай баримтат кино үзэгчдийн хүртээл болсон. “ХЕРО” энтертайментаар хийлгэсэн тус киноны хувьд ярих зүйлгүй. Бямбын Ринчен гэж ямар агуу үйл хэрэг бүтээж явсныг харуулах шиг болов. Гэвч яагаад Б.Ренчин гуйан талаарх кино гэснээ дундуур нь Г.Амартүвшинг байн байн гаргаад байсныг гайхав.
Бямбын Ринчен бол Монголын ард түмний шүтээн. Ингээд ч болов баримтат кино, сантай болж байгаа нь яамай даа гэж бодъё доо.
Эцэст нь шаркдаа захихад Бямбын Ринчен гуайг “ашиглан” гарч ирж байгаа бол ядаж өвөөгийнхөө нэр нүүрийг битгий гутаагаарай.