Манай улсад өнөөдөр уран зохиолын хөгжил ямар түвшинд байна вэ. Хөгжиж байна уу. Зохиолчдын, уншигчдын ч үнэлэмж хэр байгаа бол. Сүүлийн үед утга зохиол судлаач, шүүмжлэгчид, уншигчид ч энэ сэдвээр яриа, хэлэлцүүлэг идэвхтэй өрнүүлж байна. Мөн монгол “үнэргүй”, харийн хэл, соёлыг шүтсэн, ярьж, бичиж байгаа нь бүхэлдээ үг, найруулгын алдаатай, уг гарваль, эх орноо гэсэн сэтгэлгүй, ахас дээдсээ хүндлэх үзлийг үгүйсгэсэн ойлголт, утгыг уншигчдад, тэр дундаа залууст өгөх болсон нь буруу гэсэн дүгнэлт дийлэнх нь байна. Уран зохиол бол үндэстний оюуны дархлаа, хүн ардыг соён гэгээрүүлэх, боловсруулах, сурган хүмүүжүүлэх, хөгжилд хөтлөх онцгой хүчин зүйл. Монголын утга, уран зохиолын түүхэнд гадаад, дотоодын ноёрхлыг эсэргүүцэж, эх орон, тусгаар тогтнолын төлөөх үзэл санааг сэргээж, ард олныг мэдлэг, мэдээллээр ханган, ёс суртахуунтай, хүнлэг, нэгдмэл байхад чиглэсэн олон сайхан зохиол, бүтээл үр өгөөжөө өгсөөр байв. Өөрөөр хэлбэл, зохиолч, яруу найрагч, орчуулагчид тухайн нийгмийн гол хөтөч, чиглүүлэгч зүтгүүр нь байв. Харин эдүгээ утга зохиол болон уран зохиол ч тэр ямар нэгэн үүрэг гүйцэтгэж, үнэ цэнтэй байна уу. Монголчууд урьдынх шигээ ном уншихаа больсон нь иргэдэд боловсрол олгож, мэдрэмж төрүүлэхүйц бүтээл төрөхгүй байгаагаас болж байна уу, эсвэл цаг үеэсээ шалтгаалж буй хэрэг үү. Эл салбарын өнөөгийн байдлын тухай бид асуудал дэвшүүлж, төлөөлөлтэй нь уулзаж, байр суурийг нь сонслоо.
Номын дэлгүүрийн худалдагч, зохиолч нараас уран зохиолын номын борлуулалт эрс буурсан гэх яриаг олонтоо дууллаа. “Хүч хөдөлмөр, цаг хугацаа баран байж арайхийж бүтээл гаргахад үнэ нь ихдээ 25 мянга, борлуулалт нь хэвлэлтийн зардлынхаа 10 хувьд ч хүрэхгүй болсон” хэмээн ярьцгаах нь элбэг. Энэ нь уншигчид үгүй болж буйг илтгэх биз ээ. Их, дээд сургуулийн утга зохиол судлаач, хэл шинжлэлийн ангид 1960-1980 оны сонгодог бүтээлүүдийг уншаагүй, унших хүсэлгүй хүүхдүүд суралцаж буйг багш нар нь хэлэв. Үүнийг нэг талаар ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлийг нэр төдий заахаас гадна хүүхдүүдийн ой тойнд ортол хүргэх чадвартай багш ховор, нөгөөтээгүүр, орчин үед залуус уншихаас өөр арга барил эрхэмлэх болсонтой, уг эрэлтийг даган салбарынхан ч бүтээлийн хэлбэрээ өөрчилж буйтай холбон тайлбарлав.
Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээл орох шаардлагагүй, яруу найруулгаас илүүтэй, шинжлэх ухаанч хандлага чухал хэмээн үзэж, оруулах цагийг нь багасгасан. Ингэснээр гадаадын болон Монголын сонгодог бүтээлүүдийн товч агуулгыг зохиолчийн хамт танилцуулаад л хичээлийн цагийг өнгөрөөдөг болсныг нэгэн багш дуулгав. Товчхондоо, тухайн багш цаг, хөтөлбөрт хавчигдан, зохиол, бүтээлийг бүгдийг нь нэр дурдан хэлж амжихаа л суртал болгож эхэлсэн аж. Сургуулийн номын санд тэр зохиол нь цөөн, тэгээд ч гэрээр 3-5 хоногийн хугацаатай авах боломжтой тул хүүхдүүд уншиж амждаггүй байжээ. Үүнээс үзэхэд, зохиолын мөн чанар, сургамж, жүжигчилсэн тоглолтын тухай яриад ч хэрэггүй нөхцөл байдалтай багш нар тулгарч, улмаар уран зохиолын хичээл үнэгүйдэж эхэлсэн аж. Ингэснээр хүүхэд, багачууд ном уншиж хэвшихгүй, цахим мэдээлэлд жолоо цулбуургүй мэт уусаж, уран зохиолоос хөндийрсөн гэж дүгнэж болохоор байна.
Өнөө цагт хүн бүр интернэт, цахим сүлжээнээс амар хялбараар мэдээлэл олж авахад суралцсан гэхэд хилсдэхгүй. Номыг багш хэмээн бодож, зорьж уншдаг хүн ховордсон. Зузаан хавтастай уран зохиолын ном уншихаас илүүтэй алдартнуудын амжилтад хүрсэн түүх, зөвлөгөө, шинэ дадалд суралцах, бизнес хийх тухай сонирхоцгоож буйг номын дэлгүүр, цахим орчин дахь ном солилцооны бүлгэмүүдээс харахад илт. Тиймээс эл салбарын бүтээлчид уншигчдын эрэлтээс шалтгаалж орчуулгын, эсээ, өгүүллэг голчлон бичих болсныг утга зохиол судлаачид хэлсэн. Үүнээс үүдэн манай уран зохиолын баялаг ертөнц хумигдаж, өнөө цагт шилдэг, олонд түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл ч төрөхөө больсон гэнэ. Мөн утга зохиолын шүүмж бараг үгүй болжээ. Энэ нь нэг талаар одоо цагт сайн бүтээл төрөхгүй байгаатай холбоотойг судлаачид онцлов. Манай утга зохиолын салбарт сонгодог бүтээлүүд төрөн гарч байсан цаг үед шүүмжлэгчид сайн ажиллаж байснаар бие биедээ дэмжлэг болж, зохиолчдын алдаа оноог хэлэлцдэг байжээ.
Утга зохиолын салбар хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан нь төр, засгаас уран бүтээлчдээ дэмждэггүй явдал аж. Сайн бүтээлийг ивээн тэтгэдэг байгууллага ч үгүй гэнэ. Нэгэнт уншигчгүй, дэмжигчгүй болсон эл салбарт үнэ цэн буурсаар. Дэлхий нийт даяаршиж, харийн соёл улам бүр “давшилсаар” байгаа энэ цаг үед унших зохиолгүй, уншигчгүй болох нь аюул.
Цаашид ямар арга хэмжээ авч, утга зохиолын салбараа аврах, авч үлдэх талаар салбарынхан санал хэлэв. Тухайлбал, боловсрол хариуцсан яамнаас зохиол, бүтээлийн шагналын сантай уралдаан зарлаж, шилдгийг нь залууст сурталчлах, бүр цээжлүүлэх ажил зохион байгуулах хэрэгтэй гэв. Мөн уран зохиолын хичээлийн цагийг нэмж, үр бүтээлтэй заахад нь анхаарах, зайлшгүй унших зохиолыг хөтөлбөрт нь тусгах, тэдгээрийг хүүхдэдээ уншиж өгч, хэлэлцэхээр худалдаж авдаг эцэг, эхчүүдийг урамшуулах, уран зохиолын бүтээлүүдийг цахимд сонсдог хэлбэрээр байршуулах санал дэвшүүллээ.
Сүүлийн үед энэ мэтчилэн эл салбар дахь асуудлыг шийдвэрлэх зорилгоор хаана, хаанаа арга хэмжээ зохион байгуулж, “гэрэл” гаргах болсон нь сайшаалтай. Тухайлбал, “Тагтаа” хэвлэлийн газрынхан номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой залуу уран бүтээлчдийн дунд хоёр жил тутамд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зохион байгуулдаг болсон. Энэ жил тус уралдааны яруу найргийн төрөлд 140, өгүүллэгийн ангилалд 106, орчуулгынхад 30 бүтээл ирүүлсэн аж. Тус хэвлэлийн газрынхан уран зохиолын шүүмж ч мөн бичиж, цахимаар түгээж буй. “Монсудар”-ынхан утга зохиол судлаач, шүүмжлэгч, уншигчдын уулзалт тогтмол зохион байгуулдаг.
Хойч үеэ наад зах нь “Үнээний хүүхэд”, “Надын дэвтэр” гэж ярихгүй болгох, цаашид энэ хэвшлийг халдварлуулахгүйн тулд одоо юу хийх вэ.
ОДООГИЙН НИЙГЭМ САЙН ЗОХИОЛЧ ТӨРӨХ ҮНДЭС БОЛОХГҮЙ БАЙНА
Ш.Баттөгс (МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор)
-Нийгэмд уран зохиол маш онцгой үүрэгтэй. Орчин үеийн хүүхдүүд ном уншихаа больсон нь үнэн. Цахим сүлжээ, зурагт, блог зэргийг үздэг. Сонсдог зүйлийг сонирхож, уншихаас татгалздаг болсон. Оюутнууд “Яаж баяжих вэ”, “Санхүүгээ хэрхэн сайжруулах вэ” зэрэг хувь хүний хөгжилтэй холбоотой ном уншсан хэмээдэг. Ийм ном уншиж болно. Гэхдээ уран зохиол нь хүнийг хөгжүүлж, эх хэлний, гоо сайхны, хүмүүжлийн боловсрол олгодог ач холбогдолтойг ойлгодоггүй. Дунд сургуулийн уран зохиолын хичээлийн цагийг нэмэх хэрэгтэй гэж ярьдаг ч хэрэгжихгүй байна. Уран зохиолын хичээлийг урнаар заах ёстой. Ийм ном унш гэхгүй, сурагчаар зохиолын тухай яриулж, байр суурийг нь сонсож, хэлэлцдэг байх хэрэгтэй. Хуучин цагт сайн, муу баатар гэдэг байсан бол одоо нийгэм хөгжихийн хэрээр энэ ойлголт өөр болсон. “Тунгалаг Тамир” романы Итгэлт баяны дүр тухайн үед муугаар үнэлэгддэг байсан бол одоо хамгийн сэргэлэн, аж ахуйч, хөдөлмөрч хүн. Энэ мэтээр хүүхдүүд өөрсдөө ярилцан, үнэлж дүгнэдэг байх ёстой. Бестселлер номуудад уран зохиолынх маш ховор шалгардаг. “Монголын уран зохиолын дээжис 108” ботийг хүүхэд, сурагч бүр уншсан байх ёстой. Өнөөгийн чөлөөт зах зээлийн үед хүмүүс эдийн засгийн ач холбогдолтойг нь түлхүү уншиж, уран зохиолыг тоохоо болилоо. Энэ нь нэг талаар нийгмийн хөгжилтэй, нөгөөтээгүүр, яруу найрагч, зохиолчид сайн уран зохиол туурвихгүй байгаатай холбоотой. Зохиол хэвлүүлэхэд хүмүүс худалдаж авахгүй учир борлуулах хэлбэр хөөцөлдөж эхэлсэн. Тухайлбал, ‘The secret”-ийг 2010 оноос хүмүүс маш их сонирхож эхэлсэн тул энэ номын олон хувилбарыг орчууллаа.
Түүнчлэн зохиолчдыг дэмждэг байгууллага байхгүй. Б.Лхагвасүрэн, Л.Түдэв гуай шиг шилдэг зохиолч энэ үед төрөн гарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийгэм өөрөө сайн зохиолч төрүүлэх үндэс нь болж чадахгүй байна. Г.Аюурзана бол сайн зохиолч мөн. Гэхдээ сүүлийн үед орчуулга, нийтлэлийн чиглэл баримталж буй. Хүмүүс сайн, муу зохиолоо ч ялгахаа больсон. Манай уран зохиолын залуу үеийнхэн яруу найраг голлон бичиж, үргэлжилсэн үгийн зохиол ховордлоо. Уран зохиолын шүүмж бол ямар шатанд хөгжиж буй, давуу, сул талыг нь илчлэх, сайжруулах “эмч” юм шүү дээ. Манай сургуулийн ганц, хоёр багшийн бүтээлийг эс тооцвол судлал, шүүмжлэл зогсонги байдалд орсон. Мөн сайн зохиол гарахгүй байгаа юм чинь дүн шинжилгээ хийх сонирхол байхгүй. Одоо дуртай нь зохиол бичиж байна, болно л доо. Гэхдээ шүүмжлэл байхгүй учир сайн зохиол гарахгүй байгаа хэвээр. Монгол ахуй, соёл, сэтгэлгээ, уламжлалт мал аж ахуйтай холбоотой үндэсний онцлогийг харуулсан зохиол гарахгүй байгаа нь харамсалтай. Сайн кино бүтээхгүй байгаа нь ч сайн зохиол байхгүйтэй холбоотой.
ХЭРЭГЛЭГЧИД Л САЛБАРАА ӨӨД НЬ ТАТНА
Б.Наминчимэд (Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч)
-Уран зохиол сайнтай муутай, алдаатай оноотой жамаараа л хөгжиж байна. Энэ даяаршлын эринд манайх шиг онцгой, өвөрмөц соёл, өв, сэтгэлгээтэй үндэстэнд уран бүтээлчдийн үүрэг багагүй. Ядахдаа л үндэснийхээ хэл, соёл, түүхийн өмнө хариуцлагатай байх ёстой. Өнөө цагийнхан ачаагаа үүрч л яваа. Харин хангалттай юу гэвэл эргэлзээтэй. 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулахад уншигчид хэд дахин цөөрсөн. Харин 1990-2010-аад оны үетэй харьцуулахад бол харьцангуй нэмэгдсэн. Гэхдээ ном уншдаг хэсгийн хүрээ хязгаарлагдмал байна. Цахим шилжилтээс шалтгаалан ном унших нь багасна, бүр үгүй болно гэсэн таамаглал цөөнгүй бий. Дэлхий нийтээр номын зах зээл тодорхой хувиар хумигдсан. Гэвч бүр таг болчихно, эсвэл эрс багасна гэдэгт итгэхгүй байна. Учир нь хүн төрөлхтөн номоос хөндийрчихвөл хөгжил нь гажуудна гэдгээ мэдэж буй байх. Цаашид богино хугацаанд номд байдаг мэдээллийг авчих боломж ч бүрдэж болно. 1990-ээд оноос хойш нэг үеэ бодвол утга зохиолын шүүмж судлал хөдөлж эхэлсэн. Г.Батсуурь, П.Батхуяг нарыг шил даран Х.Чойдог, Б.Алтанхуяг хэмээх залуус энэ салбарт орж ирлээ. Гэхдээ л цөөхөн байна. Мөн шүүмж төрөлжиж чадахгүй байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд социализмын үе шиг төрөөс бодлогоор зохион байгуулах боломжгүй. Тэр хэрээр гажуудах магадлалтай. Уншигчид гэдэг энэ салбарын хэрэглэгчид. Хэрэглэгчид л салбараа өөд нь татна. Уншигчид сайн уран бүтээлийг биднээс нэхнэ. Тэгэхээр уншигчдыг бэлдэх, хүрээг нь өргөжүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг тойруу замаар дэмжих боломж бий. Тухайлбал, хүүхдүүдийг нялх балчир байхад нь уран зохиолоор оюун ухааныг нь “амилуулах” хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөр болон багшийг нь чанаржуулах, монгол хэл, уран зохиолын багшийг тусад нь бэлтгэх шаардлагатай. Мөн төрөл бүрийн номыг орлогын албан татвар, шуудангийн зардлаас хөнгөлөх нь зөв.
ШҮҮМЖИЙГ МАГТААЛ ГЭЖ ОЙЛГОСНЫ ГОР ГАРЛАА
Ц.Буянзаяа (Зохиолч, яруу найрагч)
-Эерэг, сөрөг олон янзын үзэгдэл өнөөгийн уран зохиолын орчныг тодорхойлж байна. Жишээ нь, эерэг талаас нь авч үзвэл уран зохиолд чөлөөт үзэл санаа түгэн дэлгэрч эхэллээ. Нэг ёсондоо зохиолчид өөрсдийн уран сайхны сэтгэлгээнд илүү үнэнч хандах боломжтой болсон. Нөгөө талаас хүн төрөлхтний уран зохиолын охь шим болсон өвөрмөц содон бүтээлүүд монгол уншигчдад танигдаж байна. Гэтэл сөрөг тал бас нэлээд бий. Уран зохиолын орчинд хэт мэргэжлийн бус хандлага газар авч, эл салбарын үнэ цэн, үнэт зүйлсийг үгүй хийсэн ном зохиол олноор гардаг боллоо. Онолын болон мэргэжлийн чиг баримжаагүй утга зохиолын ажилтан хэдэн зуугаараа байна. Зохиолч, яруу найрагчдад бусдыг соён гэгээрүүлэхээс илүүтэй өөрөө шилдэг бүтээл туурвихыг хичээж явах нь илүү чухал. Гэтэл сүүлийн үед өөрсдөө ч зохиол бүтээлийнхээ учрыг олоогүй байгаа нөхөд бусдыг гэгээрүүлнэ гэх болж. Энэ бол утгагүй хэрэг. Хамгийн гол шалтгаануудын нэг бол манайд уран зохиолын багш нарын мэргэжлийн чадвар, хандлага муу байгаа явдал юм. Энэ нь хүүхэд, залуучуудын боловсролд шууд болон дам нөлөө үзүүлдэг. Зохиолчдын олонхынх нь бүтээл муу нь үнэн. Гэхдээ сайн зохиол бий. Анхнаасаа багш нар нь чиглүүлж чадахгүй байгаа учраас хүүхэд, залуучуудын уран зохиолд татагдах хандлага буурсан. Уран зохиолын ном ямагт үнэ цэнтэй байна. Харин хэрэглээний шинэ хэв маягуудыг дагаад ном уншихын оронд кино үздэг, цахим сүлжээ ашигладаг, интернэт тоглоом тоглодог хандлага газар авсан. Уран зохиолын багш нарын тоо олон ч чадвар нь муу шүү дээ. Шүүмжийн тухайд авьяасаас гадна, мэдлэг шаарддаг. Манайд нэг хэсэг шүүмжийг магтаал гээд ойлгочихсон, үүний гор нь одоо гарч байх шиг.