ОУХМ Ш.Гансүх авто спорт сонирхогчдын домог болсон тамирчин. Аавыгаа дагаж тээвэрт явахдаа машиныг нь жолооддог байсан нь хожим тамирчин болоход нөлөөлсөн гэдэг. Түүний аав У.Шархүү Монгол Улсын Гавьяат тээвэрчин. Найман хүүхэдтэй өнөр айлаас хоёр хүү нь төмөр хөлгөөр уралддаг. “Авто ралли”, “Мастер кросс”-т 68 дугаартай уралдаж, 28 удаа түрүүлсэн Ш.Гомбодорж аварга түүний төрсөн дүү. Монголын авто спортод дүү, бас хүүтэйгээ хурд сорин шагналын тавцанд медаль зүүж, баярын нулимстай зогссон тамирчин түүнээс өөр байхгүй. Ур чадвар, авьяасаараа үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлийг нь уралдааны замд тэвчээртэйгээр уяж чаддаг тэрбээр өдгөө “Монголын автомастеруудын холбоо”-ны Удирдах зөвлөх гишүүнээр ажилладаг. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Авто спортод хөл тавихад аав тань нөлөөлсөн үү. Та хүүхэд байхдаа машин жолоодоод сурчихсан байсан гэл үү?
-Багаасаа авто машин сонирхсон. Тавдугаар ангийн сурагч байхдаа аавынхаа тээвэрт явдаг машиныг бариад сурчихсан байлаа. Сурагчдын амралт эхлэнгүүт аавтай хамт тээвэрт явна. Биднийг спортод дуртай болоход аавын тууштай зан их нөлөөлсөн. Аав минь зургаан удаа Монгол Улсын аварга тээвэрчин болсон. Хүүхдүүдээ спортоор хичээллэхэд дуртай дэмждэг. Намайг тэмцээнд амжилт тааруухан оролцвол “Олигтойхон давхихгүй, би залуу байсансан бол тэгж уралдах байлаа” гэж шүүмжилдэг юм. Манай дүү Ш.Гомбодорж анх жолооч болохдоо аавд “Миний хүү сайн байна” гэж магтуулж байсан бол би загнуулж сурсан хүн. Би Барилгын техник мэргэжлийн сургууль дүүргэж, 1991 онд авто тээврийн I баазад засварчнаар ажилласан. Намайг авто спортын тамирчин болгосон хүн бол С.Хуягсүрэн ах. Баазад жолооч байхдаа давхих дуртай байж. 1996 онд Монголд ачааны автомашины уралдаан болоход тэрбээр уралдаж аварга болсон юм. Түүний хурдтай давхихыг хараад уралдаж үзэх юм сан гэх бодол надад төрж билээ. 2003 онд түүнтэй хамтран шинэ “УАЗ 469” машин худалдан авч, “Батхүлэг” авто раллид хурд сорьсон.
-Анх хурд сорьж байгаа тамирчдад хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та хоёрын анхны уралдаан хэр сонирхолтой өрнөв?
-Биднийг уралдаж явтал “мөнгөн Уртаа” гэж алдаршсан ОУХМ Н.Уртнасан даллаж байна, давхиад очлоо. Машиных нь хөдөлгүүр цохиод зогсчихож. Тэрбээр “Би энэ уралдаанд найдвартай түрүүлнэ. Та хоёр машинаа өгчих” гэлээ. Тэгсэн С.Хуягсүрэн ах “Чаддаг нь уралдаг. Бид ямар зам мэдэх биш” гээд өгчихлөө. Тэрбээр машины маань дөрвөн дугуйг өөрийнхдөө сольж тавьчихаад цааш хөдөлсөн. Тэмцээнд V байрт шалгарчихаад “УАЗ сайн юм, даанч урагшаа гишгэхгүй машин юм даа” гэж билээ. Бид кросс гэж ямар байдаг юм оролцоод үзье гэсэн догдлолоор уралдаж, анхныхаа тэмцээнийг хөгжилтэй өндөрлүүлсэн. Уралдааны дараа Н.Уртнасан бидний “УАЗ”-ыг Улаанбаатарт өөрийнхөө машинаар чирэн авчирч байлаа. Түүнээс хойш туршлагажиж, кросст уралдаж эхэлсэн. 2004 онд Сэлэнгэ аймагт болсон Гавьяат тамирчин, дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг ахын нэрэмжит тэмцээнд оролцож “Эр зориг” шагналаар анх шагнуулж байв.
-2005-2007 онд авто спорт нэг хэсэг уналтад орсон. Өртөг өндөртэй тул тамирчид оролцохгүй болсон нь уралдаанаас анзаарагддаг байлаа.
-Тэр үед Дархан-Уул аймагт болдог “Чингис мастер” кросст таван тамирчин уралдаж байлаа. 2006 онд авто спортын мастер цолтой тамирчид ярилцаад “Монголын авто мастеруудын холбоо” байгуулж, анхны тэмцээнээ арванхоёрдугаар 23-нд зохион байгуулсан. Тэр тэмцээнд түрүүлж, хошой аварга болсон тамирчин нь манай дүү Ш.Гомбодорж. Би 2010 оноос хойш уралдаанд ур чадвараараа шалгарсан залуу тамирчдад урам өгөх зорилгоор өөрийн “Өсөх ирээдүйтэй тамирчин” шагналыг гардуулах болсон. Энэ шагналыг залуу тамирчдаас Л.Ариунболд, Э.Бат-Найрамдал, Д.Мөнх-Оргил нар хүртсэн.
“ЧИ УРАЛДАХЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН ХҮН” ГЭЖ ХЭЛЭЭД МАШИНАА БЭЛЭГЛЭСЭН
-Ш.Гомбодорж аваргыг та ятгасаар байгаад уралдуулсан гэдэг. Дүү тань одоо танаар их бахархдаг юм билээ.
-Манай дүү тээврийн жолооч байхдаа авто спортын уралдаан сонирхдоггүй байлаа. Намайг уралдах гээд “УАЗ”-аа засаж байхад хажуугаар давхиад л өнгөрнө. Уралдаан болж байна, үзээч гэхэд ер тоохгүй. “Чингис мастер” кросст боссуудын бооцоот уралдаан болно. Энэ кросст өмнө нь уралдаж үзээгүй залуус хурд сорьдог байсан юм. Дүүдээ “Чи энэ тэмцээнд оролцооч, гоё шүү дээ” гэхэд “Өө, би чадахгүй” гэж байна. Тэгэхээр нь машиндаа хүчээр суулгаад, бүсийг нь бүсэлж өгөөд уралдуулчихлаа. Түрүүлж явтал машинд нь саатал гараад зогсчихов. Манай дүү их шартай. Очтол өөдөөс “Уралдаж болмоор санагдлаа. Машинд саатал гараагүй бол түрүүлэх байлаа” гэсэн. Уралдааны дараа ахмад мастерууд надад “Танай дүүгээс тамирчин болох ирээдүй харагдаж байна. Хойшид уралдуул” гэж зөвлөлөө. Би ч урам орж, дүүдээ “Чи уралдахын төлөө төрсөн хүн” гэж хэлээд “УАЗ-469”-өө бэлэглэсэн. Д.Болдбаатар, Ш.Гомбодорж хоёрын хэн нь уралдаанд түрүүлэх вэ гэж үзэгчид бооцоо тавьдаг байсан гэдэг. Дүүг минь уралдалгүй хоёр жил завсарлахад хүмүүс “Өө, энэ уралдаанаас юуг нь үздэг юм. Олигтой уралдаан гарахгүй, тамирчид нь цувраад явчихдаг” гэж ярьдаг байж. Дүүгийн минь араас Л.Ариунболд нэхэж яваа. Тэрбээр 24 удаа түрүүлсэн амжилттай. Д.Болдбаатар хааяа Ш.Гомбодорж руу утасдаж “Би 38 түрүүлчихлээ.Чи миний араас нэхэхгүй юм уу. Чамайг Л.Ариунболд гэдэг бацаан гүйцлээ” гэж цаашлуулдаг юм.
-Авто спортод эрчүүд дурладаг ч эр зориг гаргаж уралдах нь ховор. Эрсдэл ихтэй болохоор эмээдэг биз. Та бэртлийн улмаас уралдалгүй нэг жил өнжсөн санагдана.
-Тийм ээ, 2005 онд авто спортдоо эргэж ирэхэд дүү минь надаас илүү уралддаг болчихсон байв. Ур чадвар нь үнэхээр сайжирч, 2004 онд болсон бүх тэмцээнд эхний байруудад шалгарсан. Тэр үед кросст 48 дугаартай уралддаг байсан ОУХМ Ц.Жаргалсайхантай уулзаж, дүүгээ шавь орууллаа. Түүний шавь болсноор дүү минь цойлсон. Авто спортод намайг дагаж Ж.Төрмөнх, Б.Дашдаваа гээд хөл тавьсан 20 гаруй тамирчин бий.
-2015 оноос хүү Бат-Эрдэнэ тань уралдаж эхэлсэн. Та уралдахыг дэмжиж байсан ч ээж нь дурамжхан хүлээж авсан гэсэн?
-Тэгсэн, ээж нь уралдуулах тун дургүй байлаа. Гэхдээ хүү минь Монголд авто спорт хөгжсөн үед уралдсан. Мото спортыг бодвол авто спортынхон уралдааны замд хамгаалах хэрэгсэл сайтай. Хүү минь надтай хамт уралдаж, BAJA, “Mongolia rally” тэмцээнд түрүүлж аварга болсон. “Мастер кросс”-оос мөнгө, хүрэл медаль хүртлээ. Монголын авто спортын ертөнцөд аав, хүү хоёр шагналын тавцанд хамтдаа зогсож байсан түүх ховор. Тэр дундаа BAJA тэмцээнээс төрсөн ах, дүү гурав алт, мөнгө, хүрэл медаль зүүсэн амжилт одоогоор лав байхгүй. “УАЗ”-ын ангилалд Ш.Гомбодорж алт, АТV-д би мөнгө, жийпэд дүү Ш.Эрдэнэдаваа хүрэл медаль хүртэж байв. Манай хүүг уралдаад ирэхэд нь надаас илүү авга нь зөвлөгөө өгдөг юм. Амжилт муухан оролцвол алдаа гаргасныг нь хэлж зэмлэнэ. Хүү минь ч ахынхаа үгийг сайн хүлээж авдаг. 46 дугаартай уралдаж, эхний таван байрт шалгардаг байсныг минь спорт сонирхогчид мэддэг болохоор хүүг минь тэр дайны уралдаасай гэж их хардаг нь ажиглагддаг. Сүүлийн үед хүү ч амжилттай уралдах гэж хичээж, эхний гурван байрт шалгардаг боллоо.
НАДАД 46 ДУГААР АЗ, АМЖИЛТ АВЧИРСАН
-2017 онд “УАЗ” ангиллаас зодог тайлж буйгаа уралдааны талбарт зарлахад тань үзэгчид итгэхгүй, гайхаж хүлээж авсан шүү дээ.
-Надад түрүүлнэ, эсвэл эхний гурван байрт шалгарах хоёр зам л байсан. Тэр жил би ATV, Жийп, “УАЗ” ангилалд нийт 12 тэмцээнд хурд сорьсон байдаг юм. Үүнээс 10 уралдаанд амжилттай оролцож, медаль өвөртөлсөн. Олон тэмцээнд хурд сорьсон хамгийн оргил үе маань байлаа. Би кросс уралдаанаас таван түрүүтэй. Сүүлийн үед эхнэр “Чи байнга уралдаж, бэртэл гэмтлээ сэдрээх хэрэггүй, сайн эмчилж, эдгээ“ гэж зөвлөх болсноор залуу тамирчдад боломж олгоё гэж шийдсэн. 2017 оны арванхоёрдугаар сард болсон “Хишиг арвин” тэмцээнд оролцоход МҮОНТ-ийн спортын сэтгүүлчид уралдааныг газар дээрээс нь шууд хүргэж байв. Гурван сая үзэгчийн өмнө шагналаа гардаж авчихаад, “УАЗ”-ынхаа түлхүүрийг шагналтайгаа хүүдээ “Уралдаж, аварга болоорой” гэж гардуулан өгч, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлахад үзэгчид ч, тамирчид итгээгүй. Би энэ ангилалд 46 дугаартай олон жил уралдсан. Энэ дугаар надад аз, амжилт, алдар нэр аль алийг нь авчирсан болохоор их хайртай. Би том хүүгээ амжилттай уралдаж аварга, бага хүүгээ жүдо бөхөөр миний гаргаагүй амжилтыг гаргаж, сайн тамирчин болоосой гэж хүсдэг юм.
-Жүдогоор хичээллэдэг байсан юм уу?
-1987 онд жүдо сонирхож, хоёр жил хичээллэсэн. Тэр үед өмсгөл ховор. Цагаан даалимбаар кимоно хийлгэж өмсөөд барилдана. Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спорт хорооны дарга Т.Дэмид манай хүргэн ах. Надад кимоно бэлэглэснээр анхныхаа тэмцээнд оролцож байв. Дүү нараасаа Ш.Цэвэлмааг жүдогоор барилдахад нь өөрийнхөө өмсгөлийн ханцуйг тайрч оёулаад өгч байлаа. Миний өмсгөлийг өмсөж, дүү минь бэлтгэл хийн барилддаг байсан. Манай Ш.Цэвэлмаа тамирчин болохоосоо өмнө нугардаг байв. Нэг өдөр зурагтаар эмэгтэй жүдочид тэмцээнд оролцож байхыг харчихаад жүдогоор хичээллэсэн. Эгчийгээ барилдаж эхлэнгүүт дүү Ш.Пагмадулам нь дагаж хичээллэсэн. Манай бага хүү жүдогийн хүнд жинд зодоглодог. Японы биеийн тамирын сургуулийн жүдогийн ангид ирэх намар суралцана. Сургуулийнх нь багш нар ирж хүүтэй минь уулзаж, шалгаж үзээд авахаар болсон.
-Авто спортын тамирчдаас та “УАЗ”, Жийп, мото спортын АTV ангилалд уралддаг. Миний мэдэхээр “Rally Mongolia”, “Цайны зам”, “Silk way rally” тэмцээнд амжилттай оролцсон.
-Би жийп ангилалд “УАЗ”-аас ч олон түрүүтэй. “Rally Mongolia” уралдааны жийп ангилалд түрүүлж, хос алт, мөнгөн медаль хүртсэн. Олон улсын тэмцээнээс гурван түрүү, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Энэ тэмцээнд 2012-2019 он хүртэл тасралтгүй хурд сорилоо. Уралдааны зам Монголын нутгаар дайрдаг. Тамирчид 4000 км замыг долоо хоног туулна. Хүн дуртай зүйлээсээ хэзээ ч татгалздаггүй. Тэр хол зам туулж уралдахдаа ядарч байгаагаа мэдэрдэггүй юм. Өдөрт 500 км замыг таван цаг туулна. Шороон замаар нэг цагт 100 км зам туулах амаргүй. 2010 оноос “Цайны зам” тэмцээнд оролцож эхэлсэн. БНХАУ-аас гарч уралдсан тамирчид ОХУ-д барианд ордог. Энэ тэмцээнд найз Болдбаатарынхаа хамт уралдаад түрүүлж байв. Жийп ангилалд уралдсан хамгийн том тэмцээн бол “Silk way rally”. Энэ уралдаанаас хүрэл медаль хүртсэн. Тэмцээнд Японы тамирчин тэргүүлж, Германых удаалсан. Авто спортын тэмцээн дундаа эл уралдаан ДАШТ гэсэн үг. Тамирчид энэ мэтчилэн сар гаруй хугацааг уралдаж өнгөрүүлдэг юм шүү дээ.
СПОРТ БОЛ НЭГНЭЭСЭЭ СУРАЛЦДАГ ХҮНДЛЭЛ
-“УАЗ” ангилалд уралддаг залуус олон улсын тэмцээнд хурд сорих сонирхолтой байдаг. Та ч тэдэнд зөвлөгөө багагүй өгдөг гэнэ лээ.
-Тэднийг олон улсын тэмцээнд уралдах тухай ярихад нь “Та нар эхлээд гэр бүл, орон байр, унах унаатай бол. Амьдралаа төвхнүүлчихээд илүү зүйлд мөнгө зарцуулдаг болсон үедээ л уралд” гэж зөвлөдөг юм. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд залуус уралдаан руу хошуурдаг. Төсөв нь хүрэлцэхгүй энд тэнд баахан зээл тавина. Амжилт гаргахгүй бол эдийн засгаар хохирч үлдэнэ. Надаас гадна дүү, хүү минь уралддаг болохоор энэ зовлонг би маш сайн мэднэ. Амжилт гаргахын тулд тамирчид бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, уралдах машинаа бэлдэж, бэлтгэл сургуулилалт хийдэг. Монголын авто мастеруудын холбоонд “УАЗ” ангиллын 130 тамирчин бий. Анх таван тамирчин уралдаж байсан үеийг бодвол одоо өргөжиж тэлсэн.
-2015 онд аавынхаа нэрэмжит “Засагт хан мастер кросс” тэмцээн зохион байгуулж байсан бил үү?
-Тэр үед Засаг дарга байсан О.Амгаланбаатар дүүтэй минь уулзаад “Аавын тань нэрэмжит тэмцээнийг зохион байгуулъя” гэж санал тавьсан. Бид хамтарч 30 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн зохион байгуулахдаа талыг нь шагналын санд зориулж, үлдсэнийг нь тамирчдын машиныг ачих тээвэрлэлтэд гаргасан. Тэр тэмцээнд оролцсон 40 тамирчны машинуудыг зургаан шаланзад ачаад Говь-Алтай руу хөдөлж байлаа. Манай аав хурдан морь уях дуртай. Говь-Алтай аймгийн Бугат сум аавын минь төрсөн нутаг. 2016 онд сумынх нь 70 жилийн ойн баяр болоход 35 дугаартай уралддаг Х.Улам-Өрнөх аавд минь бор соёолон бэлэглэсэн юм. Сумын наадамд соёолонг нь уралдуултал түрүүлчихлээ. Тэр наадамд соёолонгоос гадна аавын минь алаг азарга айрагдсан юм. Аав минь 70 насныхаа ойгоор төрөлх сумынхаа ойд очиж одтой, хийморьтой наадсан нь тэр. Бид тэр наадмын их насны морьдыг 10 сая төгрөгөөр байлсан. Одоо аав, бага дүү бид гурвын адуу Дорнод аймгийн Матад сумд бий. Бидний морьдыг Бямбаа хэмээх залуу уяа сойлгыг нь тааруулж уралдуулдаг юм. Би өнгөрөгч жилийн арванхоёрдугаар сард адуугаа эргээд ирсэн.
-2006 оноос хойш “Мастер кросс”-т амжилттай уралдсан тамирчдын зургаар хуанли гаргаж байгаа. Энэ жил гаргаж амжив уу?
-Тухайн жилд болсон тэмцээнүүдийн 12 байрт шалгарсан тамирчид хуанлийн эхний хуудаст томоор гардаг юм. Залуу тамирчид эхний нүүрт зурагтайгаа гарах гэж өрсөлддөг болсон. Миний хувьд холбооныхоо хуанлийг 14 жил тасралтгүй гаргаж байна. Энэ жил хүүдээ хойшдоо уламжлан гаргаарай гээд эрхийг нь өгсөн. Хуанлид орох тамирчдын уралдааны зургийг Баку нэрээр олонд танил болсон зурагчин Ж.Батбаатар авдаг. Түүний дуран авайд буусан зургаар хуанли маань амилдаг юм.
-Та уралдаж явахдаа Монгол орныхоо бүх нутгаар аялаад үзчихсэн байх аа?
-Аялах хоббитой надад очиж үзээгүй газар ховор. Манай эхнэр, хүүхдүүд гэр амьтай, харин би зав гарвал хэсэж, тэнэх дуртай. “Алтайн Бугат” мастер кросс тэмцээнийг зургаан удаа зохион байгуулж, ивээн тэтгэлээ. Мөн авто спортын дөрвөн үеийн тамирчдаар МҮОНТ-ийн спорт сувгийнхантай хамтарч нэвтрүүлэг хийж олонд хүргэв. Эр хүн гэр бүлийн дэмжлэг сайтай байж амжилт гаргадаг. Хань минь миний ажилд байнга тусалж, тэмцээн, уралдааныг минь ивээн тэтгэдэг. Уралдааны шагнал, цом, өргөмжлөл бэлдэх гээд нярав, нягтлангийн үүрэг ч гүйцэтгэнэ. Би жүдогийн тамирчдын “Хамтын хүч амжилт” гэсэн үгийг хэлэх дуртай. Тамирчдаа ч энэ үгээр уриалдаг. Энэ ташрамд, ямар ч тэмцээн өрсөлдөөнөөр өндөрлөдөг. Уралдаан дахиад болно, нэгнээ уралдааны замд тусламж хүссэн үед өөрийнхөө чадах, мэдэх зүйлээр тусалж байгаарай. “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэдэг үг бий. Хүнд тус болоход дараа нь хариу нь ирдэг. Спорт бол нэгнээсээ суралцдаг хүндлэл юм шүү” гэж хэлье.