“Таеквондо хөгжлийн төв”- ийн багш, дасгалжуулагч, хар бүст, IV дантай, улсын шүүгч, ОУХМ Б.Гандорж таеквондогоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргасан. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийн тээрмийн цехэд машинистаар ажиллаж байхдаа тулааны спорт сонирхон дасгалжуулагч С.Ганхишигтэй танилцан “Маранта” клубт хөл тавьж, тамирчин болох замналаа эхлүүлжээ. Сайн багшийн удирдлагад хичээллэж, ур чадвараа хөгжүүлсэн түүний амжилтын оргил үе нь 2013-2018 он байлаа. Тэрбээр гадаад, дотоодын олон тэмцээнд өрсөлдөн медалийнхаа тоог ахиулж, өнгийг нь ч хувиргаж амжжээ. Тухайлбал, 2013 онд олимпын таеквондогийн 20 дахь удаагийн УАШТ-д амжилттай оролцож, шилдэг тамирчнаар шалгарсан юм. 2015 онд насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн УАШТ-д 190 тамирчин найман жинд тулалдахад түрүүлж, алтан медаль хүртэв. Тэгвэл 2018 оны долдугаар сард БНСУ-ын Поханг хотод оюутны таеквондогийн ДАШТ зохион байгуулахад A-2 ангилалд 54 кг-ын жинд тэргүүлж, шагналын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Түүнийг “Залуус” буландаа зочноор урилаа.
-Тамирчдын амжилтаас атгасан түүх санаанд оромгүй адал явдлаар дүүрэн байдаг. Таеквондогоор хичээллэж, өөрийгөө ялж чадсаныг тань сонсоод ярилцах сонирхол төрж билээ.
-Би 2010 оноос тулааны урлаг сонирхож, таеквондогоор хичээллэсэн. Тухайн үед энэ спортын мөн чанарыг ойлгохоосоо илүү гаднын халдлагаас биеэ хамгаалж сурахыг боддог байлаа. Хичээллэх явцдаа таеквондо ямар гайхамшигтай спорт болохыг мэдэрсэн. Тэр үед Хөтөлийн “Цемент, шохой” ХК-ийн тээрмийн цехэд машинистаар ажиллаж байлаа. Зурагтаар “Монголын таеквондо хөгжлийн төв”-ийн тамирчдын бэлтгэл сургуулилалт, амжилтын тухай өгүүлсэн нэвтрүүлэг гарч байхыг харсан юм. Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлье гэж бодоод тус төвийг зорьж, дасгалжуулагч С.Ганхишиг багштай уулзан энэ спортод анх хөл тавьж байлаа. Ажиллахын хажуугаар өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийж эхэндээ маш их ядарсан. Багш намайг харчихаад “Бурхан хүнд дааж давшгүй ачаа үүрүүлдэггүй. Чамайг даах болохоор тань бэрхшээлтэй нүүр учруулж байгаа юм. Үүнийг даван туулж чадвал дараагийн алхам өмнө тань байна” гэж хэлсэн. Шантарч буцмаар санагдсан үедээ багшийнхаа үгийг хамгийн түрүүнд боддог байлаа. Өмнө нь хөдөлмөр эрхэлж үзээгүй байхдаа ажил хийх ямар хэцүү юм бэ гэж боддог байсан бол бэлтгэл хийж эхлэнгүүт спортоор хичээллэх яасан хэцүү юм бэ гэж халгадаг байв. Шалихгүй саад, бэрхшээлд сөхөрч, халширдаг байсан намайг багш минь өөрчилж, жинхэнэ хүн болгосон. Өөрийгөө ялахад багш, таеквондо хоёр нөлөөлсөн болохоор одоо ч талархдаг юм.
-Тэр үед өөрийг тань тэмцээнд оролцоход Монголын үндэсний их сургуулийн оюутан гээд зарладаг байсан. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?
-Монголын үндэсний их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо багш, дасгалжуулагчаас гадна мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг. Намайг таеквондогоор хичээллэхэд аав, ээж минь “Миний хүүгийн бие нь дийлэх үү” гэж асууж билээ. Тэр үед миний ажил, тэмцээн, сургууль гэж завгүй гүйх гэрийнхэнд минь хэцүү санагддаг байсан болов уу. Амжилт гаргаад эхлэнгүүт манайхан “Өөрийнхөө гаргасан шийдвэрт үнэнч байгаарай” гэж хэлээд дэмжсэн. Надад амрах завгүй гүйж явсан мөч бүхэн жаргалтай санагддаг байлаа. Би багш, хамт олныхоо хүчээр амжилт гаргасан, мэдлэг боловсрол ч эзэмшсэн. Хэрвээ тамирчин болоогүй байсан өөрийгөө өдийд юу хийж явааг үнэхээр төсөөлж чадахгүй. Намайг унаж, боссон үед ард минь багш, хамт олон маань бат зогсож байсанд их баярладаг.
-Хичээвэл боломжгүй зүйл гэж байдаггүй. Гэхдээ спортод зүтгэл гаргахад өрсөлдөөн, өөрчлөлт гээд олон зүйл нөлөөлдөг шүү дээ.
-Багш минь бидэнд энэ үгийг хэлж урам өгдөг байлаа. Би ч хичээснийхээ хүчинд амжилтаас атгасан. Тэр үед олны өмнө нь гарч үзээгүй байсан болоод ч тэр үү тэмцээнд анх оролцохдоо их сандарсан. Дэвжээнд гарч тулалдахад цаг нэг мэдэхэд дууссан байв. Хүрэл медаль хүртчихээд тамирчин хүн ямар байх ёстой, өрсөлдөгчөөсөө хэрхэн суралцаж, өөрийгөө хөгжүүлдгийг ойлгосон. Хүн болгонд өөрийн гэсэн давуу тал бий. Өрсөлдөгчөө дэвжээнд буулгаж авахын тулд өөрөөс нь илүү ухаан зарцуулах хэрэг гарна. Миний хувьд сул талыг нь түрүүлж харахыг хичээдэг. Тэмцээн эхлэхээс өмнө тамирчид ямар нэг үйлдэл хийдэг дадалтай болчихсон байдаг юм. Түүнийг нь анзаарч мэдээд тулалддаг байв. Тэмцээнд оролцох тусам ур чадвар минь сайжирч, тэр хэрээрээ туршлага хуримтлуулсан.
-2013 онд болсон таеквондогийн УАШТ-ээс багш, шавь хоёр шилдэг тамирчин, дасгалжуулагчийн шагнал хүртэж байсныг санаж байна.
-Тэр жил Хонконгод зохион байгуулсан Азийн залуучуудын АШТ-д өрсөлдөж, медальгүй буцахдаа хэнтэй ч тулалдсан дахиж ялагдахгүй гэсэн бодол тээж ирсэн. Дараахан нь УАШТ-д оролцож, шилдэг тамирчнаар шалгарахад багш минь шилдэг дасгалжуулагчийн шагнал гардаж билээ. Багш “Сайн тамирчин болъё гэвэл зөв хүн байж амжилтад хүрдэг юм” гэж хэлдэг. Тиймээс биднийг тамирчнаас илүү зөв бодолтой, төлөвшсөн иргэн бэлтгэхийг зорьсон. Багш нээлттэй, найрсаг зан, эерэг хандлагаараа биднийг өөртөө татдаг. Бэлтгэл хийхэд багш, энгийн үед найз, амьдралд алдаж, оноход тулж түших ах минь болдог байлаа. Ийм гайхамшигтай дасгалжуулагчийн ачаар бид бие, сэтгэл зүйгээ хөгжүүлэн, хандах хандлагаа өөрчилж чадсан.
ШАВЬ НАРТАА БАГШИЙНХАА ЗААЖ, СУРГАСАН УХААНААР ХАНДАНА
-Та арай л эрт тамирчны карьераа өндөрлүүлж, дасгалжуулагчаар ажиллах шийдвэр гаргасан шиг санагдах юм.
-Би одоо 28 настай. “Таеквондо хөгжлийн төв”-ийн дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байна. Миний хувьд энэ спортоор үеийнхнээсээ хожуу хичээллэсэн. Тулааны спорт хурд, хүч, авхаалж самбаа, мэдрэмж, гярхай байхыг шаарддаг. Манай төвд надаас илүү амжилт гаргах залуу тамирчин олон бий. Миний хувьд тамирчин байж гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцон, медаль ч цөөнгүй хүртлээ. Тиймээс өөрийнхөө хэмжээ хязгаар хаана хүрээд зогсохыг мэдэрч байв. Хэдий олимп, дэлхийн аварга болж чадаагүй ч гэлээ шавь нараа амжилтад хөтөлж, аварга болгохын төлөө хичээж байна. Манай “Таеквондо хөгжлийн төв”-ийн салбар Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт бий. Миний хувьд Хан-Уул, Баянзүрх дүүрэг дэх салбараа хариуцаж ажилладаг юм.
-Дасгалжуулагчаар ажиллах нь тамирчин байхаас хэцүү санагддаг уу?
-Өөрөө дасгалжуулагч болчихоод багшийнхаа ажил, хичээл зүтгэл, сэтгэлийг одоо л сайн ойлгож байна. Миний хувьд тамирчин, дасгалжуулагч, шүүгч байхын аль аль нь амаргүй санагддаг. Тамирчин, дасгалжуулагч хоёр харилцан ойлголцож байж амжилтад хүрдэг. Хамгийн гол нь аль алиных нь зорилго чухал байх ёстой. Надад шавь нараа зөв хүн болгож төлөвшүүлэх үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Дасгалжуулагч хүүхдүүдийг бэлтгэл хийлгэхдээ сэтгэл зүйг нь маш сайн мэдэрдэг байх ёстой. Өдөр бүр өөр хүүхдүүдтэй харилцдаг болохоор зан чанар, бие бялдрынх нь онцлогт тохируулж бэлтгэл хийлгэдэг. Учир нь хүүхдийн сэтгэл зүй биеийнхээ бэлтгэлээс зөрж болохгүй. Багшийнхаа зөв хүн байх, спортоор өөрийгөө төлөвшүүлэн, алдаа дутагдлаа засаж болдог талаар зөвлөдөг байсныг би ч мөн адил шавь нартаа зааж байна. Хүүхдүүд бэлтгэлийн танхим руу орж ирээд ямар хүн болоод гарах нь багшийн арга барил, ухаанаас их шалтгаалдаг. Спортод багш, шавь нар нэгнийхээ давуу талаас суралцах тохиолдол олон. Багшийнхаа “Эмч бол нэг хүний, харин багш мянган хүний хувь заяаг шийддэг юм шүү” гэж хэлсэн үгийг үргэлж санаж явдаг.
-Багшийнхаа хэлж, зөвлөснийг хэр хэрэгжүүлж чадсан бэ?
-Тамирчин байхдаа багшийнхаа “Та нар бэлтгэл хийсний дараа тэгж амарч бай, чөлөөт цагаараа ном унш, тэмцээний өмнө өрсөлдөгчөө заавал судал” хэмээн зөвлөдөг зүйлийг нь төдийлөн анзаардаггүй байж. Одоо дасгалжуулагч болчихоод багшийнхаа тэр үед хэлж ярьсныг нь хэрэгжүүлсэн ч болоосой гэж боддог юм. Би шавь нартаа багшийнхаа зааж, сургасан ухаанаар хандана гэж боддог. Намайг дасгалжуулагч болсны дараахан найз нөхөд, танил хүмүүс хүүхдээ чиний шавь болгоё гэж санал их тавьсан. Спортын төрлүүдээс хүүхэд өөрийнхөө сонирхлоор сонгож хичээллэх эрхтэй. Хүүхдээ сонирхолгүй байхад нь хүчээр таеквондогоор хичээллүүлж болохгүй. Спортод шантарч, буцах зүйл олон гардаг. Тиймээс хүсэл мөрөөдөлтэй нь үлдэж, зорилгынхоо төлөө тэмүүлдэг.
-“Монголын таеквондо хөгжлийн төв”-ийн 10 жилийн ой энэ жил тохиож байна. Төлөвлөсөн зүйлээсээ сонирхуулж яриач?
-Ирэх аравдугаар сард ойн баяраа тэмдэглэнэ. Тамирчидтайгаа тэр үед юу хийхээ төлөвлөчихсөн байгаа. Багшийнхаа заавар зөвлөгөөгөөр хамт олонтойгоо нэгдэж, Монголд өмнө нь болж байгаагүй томоохон тэмцээн зохион байгуулах бодол бий.
ЯЛАГДАЛ ЯЛАЛТ, АЛДАА АМЖИЛТ БОЛЖ ЭРГЭН ИРДЭГ
-Таеквондогийн тамирчид “Тамирчны дуулал” хэмээх сүлд дуутай. Энэ дууг дасгалжуулагч С.Ганхишиг өөрөө дуулсан байна билээ.
-Багш минь энэ дууг өөрөө дуулж олны хүртээл болгосон. “Тамирчны дуулал” бүтээл Монголын таеквондогийн тамирчдын сүлд дуу болоод удаж байна. Энэ дууны үгийг нь яруу найрагч Р.Отгонбаяр бичиж, аяыг нь багш зохиосон юм. Энэ дууг явахаар өөрийн эрхгүй сэтгэл огшдог. Би их азтай. Туг шиг намирч, салхи шиг дэрвэлзэж явахдаа багштайгаа танилцсан. Зүг, чигээ мэдэхгүй явсан тойруу замыг багш минь дөт болгосон гэж боддог. Хөтөлд байдаг төвийнхөө бэлтгэлийн зааланд хааяа очих дуртай. Тэнд очихоор хамт олонтойгоо хичээллэдэг байсан үеийн дурсамж нүдэнд харагдах шиг болдог. Тамирчин байхдаа бэлтгэлээ тасалдуулахгүй байх зорилгоор зааланд хоёр жил амьдарсан. Сүүлдээ гэр шиг минь санагддаг болж билээ. Өглөө эрт тамирчидтайгаа бэлтгэлээ хийчихээд ажил руугаа явна. Ажлаа тарж ирээд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Тамирчин хүний сэтгэлд дотно санагддаг зүйл бол бэлтгэл хийж хөлсөө гаргадаг заал нь байдаг.
-Бэлтгэл сургуулилалт, тэмцээн, амжилт, ажил, амьдралынхаа тухай тусад нь тэмдэглэл хөтөлдөг гэж сонссон.
-Тийм ээ, тамирчин байхдаа тэмдэглэл хөтөлж сурсан. Хийсэн бэлтгэлд хэр ахиц гарсан, тэмцээнд оролцохдоо ямар тамирчинтай тулалдаж ялж, ялагдсан тухайгаа хөтөлдөг байв. Багш ч гэсэн биднийг “Тухайн өдөр ямар бэлтгэл хийсэн, өглөө, өдөр, орой ямар хоол идсэн, шөнө амрахад нойр хэр байсан тухайгаа бичиж тэмдэглэж бай” гэж зөвлөдөг байсан юм. Би ажлын тэмдэглэл давхар хөтөлдөг. Ингэж хөтөлж сурсан бүхэн эргээд амьдралд минь хэрэг болж байна. Манайх нэг хүүтэй. Эхнэрийг минь С.Уранбилэг гэдэг. Таеквондогийн тамирчин, хар бүс, II дантай, ОУХМ цолтой. 2018 онд БНСУ-ын Поханг хотод болсон оюутны таеквондогийн ДАШТ-ээс эхнэр минь мөнгөн медаль хүртсэн. Бид Хөтөл дэх “Монголын таеквондогийн хөгжлийн төв”-д хичээллэдэг байхдаа танилцаж гэр бүл болсон юм. Эхнэр минь намайг ойлгож, дэмждэгийн ачаар ажлаа сэтгэл тайван хийж байна.
-Тамирчид тэмцээнд амжилтгүй оролцсоны дараа хямардаг нь анзаарагддаг. Ялагдлаа ялалт болгоод баярласан мөч танд байдаг уу?
-Бий, бий. Ялагдлаа ялалт болгохоор бэлтгэлээ шаргуу хийдэг байсан. 2016 онд болсон Азийн АШТ-ий эхний үед Афганистаны тамирчныг хожиж, дараа нь Тайландын тамирчинд хожигдсон. Багш, хамт олон, холбооныхоо хүмүүсийн итгэл найдварыг тээж явчихаад дэвжээнээс ялагдаж буух надад хэцүү санагдаж билээ. Тэр үед би дахиж тэмцээнд оролцохгүй гэж бодож байв. 2018 онд болсон оюутны ДАШТ-д том зорилго тавьж өрсөлдсөн. Улмаар аварга болчихоод шагналын тавцанд медаль зүүгээд инээж зогссон. Тэр тэмцээнд түрүүлж, ОУХМ цол хүртэж байлаа. Хэрвээ би тэмцээнд орохгүй гэж шантарсан бол аварга болж чадахгүй үлдэх байлаа. Ялагдал ялалт, алдаа амжилт болж эргэн ирдэг. Энэ бүхнийг тамирчин байхдаа туулсан. Энэ ташрамд шавь нартаа “Өөрт байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаж, өмнөө тулгарсан саадыг даван туулаарай. Ямар ч тэмцээнд ялалт, ялагдал бий. Ялагдсан ч ялсан мэт байж сур. Алдаагаа ардаа орхиж, сэтгэлийн тэнхээгээр бэрхшээлийг туулж чадсан тамирчинд амжилт ойрхон байдаг юм шүү” гэж хэлье.