Монголчуудын дэлхийд гайхуулах соёлын өвийн нэг болох шагайн харвааг 2014 оны арваннэгдүгээр сард ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ. Шагайн харваа нь хүүхэд, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хойч үедээ үндэсний өв соёлоо уламжлуулах олон талын ач холбогдолтой. Тэгвэл монгол түмний наадгай болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” асрыг өнгөрсөн даваа гарагт нээв. Шагайн харвааг залууст сурталчлан таниулах зорилгоор байгуулсан тус асарт 50 гаруй хүн хичээллэх боломжтой аж. Сонирхуулахад, шагайн харваа нь өөрийн гэсэн дүрэмтэй. 1999 онд шагайн харвааг баяр наадмын дөрөв дэх төрөл болгож, хөтөлбөрт нь албан ёсоор багтаасан. Шагайг зурхайнаас есөн тохой буюу 4.72 метр зайнаас харван хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум хэмээн нэрлэдэг. Монголд энэ спортоор хичээллэдэг 18 000 сонирхогч бий аж. Шагайн харваагаар хичээллэгч тэсвэр хатуужилтай болохоос гадна аливаад хүлээцтэй хандаж, зөв шийдвэр гаргах чадвар эзэмшдэг байна.
Бэлтгэсэн:Д.Энх-Манлай