Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцжээ.
Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Нэр дэвшигч болон намын зардлын хязгаарыг баталчихсан. Нэг нэр дэвшигчээс дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно” гэж хэллээ.
Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход 300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.
50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлнэ. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг, дээд тал нь хуульд заасан дээд хэмжээндээ хүрэхээр байна гэж СЕХ-ны албаны хүмүүс мэдээллээ.
“Сонгууль товлон зарласнаас хойш онцгой нөхцөл байдал үүсвэл УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд зогсооно гэж заасан тул бид нөхцөл байдлыг харж байна. Мөн өвчлөлийн асуудлаар Эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагын хувьд цаашдаа ямар арга хэмжээ авахыг мөн ажиглаж байна. Ер нь, Үндсэн хуульд заасан улс орныг хамарсан, хүний эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсвэл хойшлуулах нь зайлшгүй байх гэж бид үзэж байна” Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.