Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн, Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сонгуулийн зардал мөнгөтэй холбоотой мэдээлэл их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгөх гэсэн юм. Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч тус бүр 100 сая төгрөг тушаасан. Миний бие мөн адил 100 сая төгрөгийг өгсөн.
Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад , хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон зүйл. Манай намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 100 гаруй гишүүд бий. ҮБХ-ны гишүүдэд одоогоор зарлаагүй.
Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр 100 гаруй хүний нэрс гэж мэдээлсэн. Ийм мэдээлэл зүйл огт байхгүй. Манай намынхнаас мэдээллээ гаргаад явах гишүүд ховор.
Хүн хэчнээн боловсролтой, царай зүстэй байгаад мөнгөгүй байвал дэвшиж чадахгүй гэсэн мэдэгдлийг С.Эрдэнэ том намын даргын хувьд хариуцлагагүйгээр мэдэгдсэн.
Иймд гурван нэр бүхий шаардах хуудсыг хүргүүлж байна. Нэр дэвшигчдийн нэрсийг ил болгох, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. Ингэж мөнгөөр уралдуулахаа зогсоох хэрэгтэй.
ҮАГ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Манай аймагт ойролцоогоор 400 гаруй сая төгрөг батлуулсан. Манай намын байр болох “Шонхор” тауэр С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн.
Би 40 гаруй гишүүнтэй цуг ороод “Мөнгөний уралдаанаа зогсоо” гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл хүргэн хүү нь “Манай хадам аав руу битгий дайраад бай” гэж хэл амаар доромжилсон. АН өнөөдөр гэр бүлийн нам болчхож. Намын дарга өөрийн хамаатан саднаа нэр дэвшүүлэх гэж байна.
Эдгээр шаардлагад хариу өгөх 72 хоногийн хугацаа өгч байна. ҮБХ-ныхоо гишүүдийг зарлахгүй бол АТГ, ТЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн байгууллагад хандана" гэв.